Уншиж байна ...

Elite International MUN НҮБ-ын загвар хуралд 250 орчим сурагч оролцож, гамшигт цар тахлуудын талаар хэлэлцэж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүүхдүүд, сурагчид өөрсдийн гараар ямар том зүйл бүтээж болдгийг MPM Event Hall-д болж байгаа найм дахь удаагийн Elite International MUN буюу НҮБ-ын загвар хурал харуулж байна.

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид ямар ч том хүний оролцоогүй, өөрсдөө бие даан зохион байгуулж байгаа энэ удаагийн НҮБ-ын загвар хурал өмнөх хурлуудаас зохион байгуулалтын хувьд сайжирсныг оролцогч хүүхдүүд хэлж байлаа.

Энэ удаа Elite International MUN цар тахлыг онцолжээ. Хэдийгээр дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван туулсан ч цаашид хүн төрөлхтөнд учирч болох гамшигт цар тахлын эрсдэл байсаар байгааг хүүхдүүд сануулж, аравдугаар сарын 13-15-ны өдөр энэ асуудлыг олон улсын хэмжээнд хэлэлцэж байгаа юм.

НҮБ-ын гишүүн орнуудын жил бүр явуулдаг хуралдааныг яг тэр зарчмынх нь дагуу, жижгэрүүлсэн хэлбэрээр явуулдаг MUN загвар хурлыг Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль монгол, англи, орос, хятад гэсэн дөрвөн хэлээр зохион явуулж байгаа бөгөөд хүүхдүүд олон улсын хэмжээний асуудлыг ийнхүү өөрийн төлөөлж буй улс орны нөхцөл байдалд тулгуурлан, тухайн улсын өнцгөөс байр сууриа илэрхийлж, үзэл бодлоо уралдуулж байгаа нь энэ.

Энэ нь тухайн сурагчид олон нийтийн өмнө үг хэлэх, мэтгэлцэх, бусадтай хэлэлцээр хийх, тогтоол бичих зэргээр чадваруудаа хөгжүүлж, дипломат ёс, олон улсын харилцаа, дэлхийн засаглалын талаарх үнэ цэнтэй ойлголтыг олж авдгаараа томоохон ач холбогдолтой арга хэмжээ юм.

Elite International MUN загвар хуралдааны ерөнхий нарийн бичиг, Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 12Б ангийн сурагч Д.Ундрал “Энэ жилийн загвар хуралдааныг зохион байгуулахдаа бид зөвхөн англи хэлтэй, хувийн сургуулиудаас илүүтэй улсын сургууль, тэр дундаа хөдөө орон нутгийн сурагчдыг илүү сайн хамруулахыг хичээсэн.

Яагаад гэвэл энэ хүүхдүүдэд НҮБ-ын хуралдаан хэрхэн болдог, улс орнууд яаж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг талаарх мэдлэг хомс санагдсан. Мөн тэр хүүхдүүдэд олон төрлийн ур чадвараа сайжруулах боломж олгохыг хүссэн. Тийм ч учраас өнгөрсөн жилийн Elite International MUN загвар хуралдаанд 170 орчим сурагч оролцож байсан бол энэ жил 500 орчим хүүхдээс шалгарсан 240 гаруй хүүхэд тэнцсэн. Энэ нь сурагчдын идэвх, оролцоо нэмэгдсэнийг харуулж байгаа” гэв.

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн НҮБ-ын загвар хурлын талаар оролцогч сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

зураг
 

Орхон Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Ану: 

Би Elite International MUN-д хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн зохион байгуулалт өмнөх жилээсээ сайн болсон санагдаж байна. Бас сэдэв нь их таалагдсан. Одоо үед тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн. Оролцож байгаа хүүхдүүд багаар ажиллаж чаддаг, ярилцахад нээлттэй байгаа нь таалагдаж байна.

Өнгөрсөн жил би Орос хороонд байсан. Энэ жил Англи хороонд, Норвеги улсыг төлөөлөн оролцож байгаа. Өнгөрсөн жил би хуралдаа бүрэн дүүрэн оролцож чадаагүй. Elite International MUN хурлаас би сайн мэтгэлцэж, олон талаар ярих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс энэ удаа өнгөрсөн жилийн алдаагаа давтахгүй, идэвхтэй оролцоно гэж бодож байгаа.

Би олон улсын харилцааны чиглэлээр мэргэжлээ сонгоё гэж бодож байгаа. Зурагтаар НҮБ-ын хорооны хурлыг үзэх гоё санагддаг. Тиймээс Elite International MUN-д оролцохыг хүссэн. Миний оролцож байгаа сүүлийн загвар хурал учраас идэвхтэй оролцоод хамгийн сайн төлөөлөгч болохыг зорьж байгаа.

зураг
 

Орчлон сургуулийн 10Д ангийн сурагч А.Болор: 

Энэ бол миний анх удаа орж байгаа НҮБ-ын загвар хурал. Манай ах оролцдог байсан болохоор би наймдугаар ангиасаа Elite International MUN-ийн талаар мэддэг байсан. Миний явах мэргэжлийн загвар нь олон улсын харилцаа, хууль эрх зүй. Тиймээс энэ хуралд оролцох нь амьдралын чадварт минь туслах мэтгэлцээн учраас оролцоод үзэх хэрэгтэй гэж манай ах зөвлөсөн. Ялангуяа нийгмийн харилцаа, бусадтай харилцах ур чадвараа тодорхойлж аваад боловсроход түлхэц өгдөг болохоор оролцоорой гэсэн учраас би орохоор шийдсэн.

Өнөөдөр Хүний эрхийн төлөөх байгууллага дээр Филиппин улсыг төлөөлж оролцсон. Орос, Хятад улс нийлээд нэг төрлийн галзуу өвчин тараасан уу гэдэг дээр хэлэлцүүлэг хийлээ. Энэ тухай мэтгэлцэх зөндөө олон асуудал гарч ирсэн нь таалагдсан. Хүүхдүүд маш найрсаг, ухаалаг, ямар нэгэн асуудлаар хэлэлцүүлэг маш сайн хийж чаддаг нь харагдаж байна.

Би олон хүнтэй ярьж чаддаггүй. Харин Elite International MUN-д оролцоход их гоё байна. Олон хүнтэй танилцаад, айдсаа даван туулж байна. Одоо өөрийгөө илүү нээхийг хичээж байна. Мөн Улаанбаатар Элит сургуулийн сурагчид ийм том арга хэмжээг зохион байгуулаад, энэ олон хүүхдийг дааж авч явж байгаа нь надад маш бахархмаар санагдаж байгаа.

зураг
 

Монгол Тэмүүлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Дөлгөөн: 

Би Elite International MUN-д анх удаа оролцож байна. Өмнө нь НҮБ-ын загвар хурлуудад оролцож байсан. Орох дуртай. Elite International MUN бол Монголын хамгийн том, хамгийн алдартай загвар хурлуудын нэг учраас зохион байгуулагчаар оръё гээд орж байгаа. Миний оролцож байсан бусад загвар хурлуудтай харьцуулахад хамгийн сайн гэж хэлэхгүй. Гэхдээ Ерөнхий ассамблейн хурлын анги танхим, орчим маш сайн байна гэж хэлнэ. Ерөнхийдөө төлөөлөгч нартаа маш ээлтэй, ялангуяа шинэ төлөөлөгч нарт ээлтэй, уур амьсгал гоё болдог юм байна.

Мөн нэгдсэн хурлын сэдэв зохиомол, хийсвэр сэдэв. Тиймээс хүүхдүүд зөв буруу гэдгээсээ илүү зохиогоод хэлэлцүүлгээ хийж байгаа тул задгай сэтгэх боломж олгосон нь сонирхолтой болсон гэж бодож байна. Ерөнхийдөө хөндлөнгөөс ажиглахад олон хүүхэд нэг дор өндөр зохион байгуулалт дор оролцоо сайтай болж байна. Үүнийг харахад гоё мэдрэмж авсан.

зураг
 

Томуужин сургуулийн 12 дугаар ангид сурдаг З.Мандах-Эрдэнэ: 

Би өмнө нь зохион байгуулах багт л ажиллаж байсан бол энэ жил анх удаа Elite International MUN-д улс төлөөлөөд оролцож байгаа нь надад шинэ туршлага болж байна. ОХУ-ыг төлөөлж, цагаачидтай холбоотой хороонд ажилласан. Дайн хийж байгаа улс гэдгээрээ бусад улс орнууд маш их дайрч байсан болохоор тэрэн дээр их анхаарсан.

Олон газраас ирсэн хүүхдүүд оролцож байгаа болохоор яриа өрнүүлэхэд сонирхолтой байлаа. Өмнө нь зохион байгуулж байхад өөр газар болдог байсан бол энэ жилийн байршил шинэлэг байна.

Бусад хүүхдүүдэд хандаж хэлэхэд Elite International MUN-д оролцож үзээрэй. Олон нийтийн өмнө үг хэлж, өөрийгөө илэрхийлэхийг сурах боломжийг энэ хурал олгодог. Ийм ур чадварт суралцахыг хүсэж байвал Elite International MUN-д оролцоорой гэж хэлье" гэлээ.

зураг
 

Elite International MUN-ийн ерөнхий зохион байгуулагч, Улаанбаатар Элит олон улсын сургуулийн 12А ангийн сурагч Г.Есүй: 

Би 10 дугаар ангиасаа хойш Elite International MUN-ийн зохион байгуулагчийн багт ажилласан. Энэ хугацаанд албан тушаал ахисаар өнөөдрийн ерөнхий зохион байгуулагч болсон.

Elite International MUN-ийн энэ удаагийн хурлын байршлыг сольж, MPM Event Hall-д хийсэн нь төлөөлөгчдөдөө илүү гоё орчин бүрдүүлж өгөхийг хүссэн. Энэ жил анх удаа оролцож байгаа хүүхдүүд 60 гаруй хувийг эзэлж байгаагаараа онцлог. Сэдвийн хувьд ирээдүйд болж болох хийсвэр асуудлууд байгаа. Өнөөдөр биохимийн дайралттай холбоотой сэдэв байсан ч хүүхдүүд маш сайн оролцоотой байна. Өөртөө илтэглэй, багаар ажиллаж, бусадтайгаа хурдан нийцэж байгаа нь маш сайн байна.

Өмнөх жилүүдэд 180 орчим төлөөлөгчтэй байсан бол энэ жил 250 болж нэмэгдсэн. Төлөөлөгчдийн тоо ихэссэн ч зохион байгуулалт маш сайн байгаад баяртай байна. Зохион байгуулагчдын баг нь манай Улаанбаатар Элит сургуулийнхаа ахлах ангийн сурагчдаас бүрдэж байгаа. Сонгож авсан хүүхдүүд маань маш сайн ажиллалаа.

зураг
 

Elite International MUN загвар хуралдааны ерөнхий нарийн бичиг, Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 12Б ангийн сурагч Д.Ундрал: Эхний өдрийн Ерөнхий ассамблейн хуралдаан үнэхээр төсөөлснөөс илүү байсан гэж бодож байна. Эхний өдрийг алдаагүй, маш гоё хэлэлцээд явсанд баяртай байгаа.

Би Elite International MUN загвар хуралдааныг дөрөв дэх жилдээ жилдээ зохион байгуулж байгаа. Наймдугаар ангидаа төлөөлөгчөөр орж, дараа нь зохион байгуулагчийн багийн төлөөлөгчид хариуцсан багт орж ажилласан. Дараагийнх нь жил дэд бүтэц хариуцсан дэд дарга болсон бол энэ жил ерөнхий нарийн бичгийн албан ажиллалаа.

Анх удаа том хүмүүстэй яриад, захиалагч болоод явахад хэцүү байсан. Гэвч тэр үйл явцдаа маш их зүйлийг сурлаа. Бизнесийн багш маань ирээд, том хүмүүсийн хийдэг эвентээс илүү гоё, албан ёсны хийсэн байна, мундаг байна гэж хэлэхэд маш их баярласан. Манай сурагчид өөрсдөө ийм том эвентийг хийж байгаа гэдгээрээ маш урам зоригтой байж, сайн ажилласан. Хүүхэд ч гэлтгүй хийе гэвэл хийж чаддаг юм байна гэдгийг олж харлаа.

Энэ жил шинэ хүүхдүүд маш олон байгаа болохоор эмээгээд ярихгүй байх вий гэж санаа зовж байсан. Гэтэл хүүхдүүд бүгдээрээ маш идэвхтэй, оролцоо сайтай байж, Ерөнхий чуулган маань амжилттай болж өндөрлөлөө гэлээ.

Elite International MUN загваг хуралдаан өнөөдөр, маргааш Red Rock-ийн сургалтын танхимд үргэлжилж, салбар хуралдаанууд болох юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
2 | 2 цаг