Уншиж байна ...

ЗҮРХЭЭРЭЭ СОНСЪЁ: Хайртай дотнын хүмүүсээ зүрхнээсээ сонсоод зүгээр л тэврээрэй

ikon.mn
2 минутын өмнө
ikon.mn

Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг JCI байгууллага нь нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бүтээхээр олон төслүүдийг хэрэгжүүлдэг билээ.

JCI Монгол ТББ, ЦЕГ-тай хамтран 2018 оноос эхлэн “One Communty” төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд өсвөр үеийнхнийг амиа хорлохоос урьдчилан сэргийлэх, амиа хорлох үйлд өртөх эрсдэлийг бууруулах зорилгоор ЦЕГ болон СЭМҮТ-тэй хамтран “Зүрхээрээ сонсъё” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

зураг
 

Манай улсын хувьд 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн гэх судалгаа бий. Өсвөр насныхныг өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан үйлийн эмгэг байгааг судалгаанд дурджээ.

зураг
 

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэм насанд хүрэгчдээс маш их хичээл зүтгэл, ур чадвар гарган дасан зохицож амьдрахыг шаардаж байна. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд энэ өөрчлөлтөд дасан зохицоход насанд хүрэгчдийн дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй.

Хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг анхаарахдаа тэдний эцэг эхчүүд, хоёрдогч гэр болсон сургуулийн орчныг бүрдүүлэгч багш, ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, сэтгэл зүйн үйлчилгээг бий болгох шаардлага урган гарч байна.

Тиймээс “Зүрхээрээ сонсъё” төслийг өсвөр үеийнхэнд тулгамдсан сэтгэл зүйн асуудлаа бодитоор үнэлж, зөвөөр даван туулах аргад суралцаж, урьдчилан сэргийлэх зорилготойгоор JCI Монгол ТББ хэрэгжүүлж байна.

зураг
 

Тус төслийн гол консепц тун энгийн. Бид хэчнээн ярилцаад ч ойлголцож эсвэл ойлгогдож чадахгүй байх тохиолдол элбэг байдаг. Тэгвэл ЗҮГЭЭР Л ТЭВРЭЭРЭЙ. Тэврэлт нь хүний бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэндэд аль алинд нь тустай юм. Тэврэлдэх үед өнчин тархины булчирхайд хадгалагддаг окситоцин ялгардаг бөгөөд үүнийг өөрөөр "хайрын даавар" гэж нэрлэдэг байна. Мөн окситоцин, серотонин нь стрессийг бууруулдаг учраас тэврэлт нь хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад тусалдаг үр дүнтэй арга юм.

Түүнчлэн тэврэлдэх үед бие махбодын өвдөлт буурч, зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг болохыг эрдэмтэд судалгаагаар баталжээ. Бид заримдаа хайртай дотнын хүмүүстээ анхаарал, хайр халамжаа тавихаа мартчихсан байдаг. Тэврэлт бол тэдэндээ үзүүлж буй хайрын хамгийн халуун дотно илэрхийлэл юм шүү.

зураг
 

Та тэднийгээ сүүлд хэзээ тэвэрснээ санаж байна уу? Хэрэв санахгүй байвал тэднийгээ зүрхнээсээ сонсоод зүгээр л тэврээрэй.

зураг
 

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/zurheeree