Уншиж байна ...

Хүүхдийн уян зүүний таг сольсон гэх асуудлаарх иргэний гомдол ба эмнэлгийнхний тайлбар

Г.Мөрөн, iKon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан ой долоон сартай хүүхдийн уян зүүний тагийг сольж, бохир таг хийснээр хүүхдийнх нь эрүүл мэндэд эрсдэл учирсан хэмээн нэгэн ээж өнөөдөр мэдээлэл хийлээ. Үүний дараа Баянзүрх нэгдсэн эмнэлгээс хариу тайлбар өгөв.

Талуудын байр суурийг хүргэе.

Хүүхдийн ээж "Сувилагч орж ирэхэд зүүгээ авч хаячих гээд байгаа учраас солиулъя гэсэн. Тэгэхэд одоо сольж өгөх боломжгүй байна, бинтгүй, дараа нь өрөөнд ороод ирээрэй гэсэн. Өрөөнд нь ороод боолгож байтал санамсаргүй тагийг нь унагачхаад "Надад таг байхгүй" гээд байхаар нь авчихгүй юу даа гэтэл гэнэт нойтон цустай таг авчраад хийчихсэн. Тэрүүхэн хооронд сандраад "Чи цустай таг хийчихлээ шүү дээ" гэхэд "Надад цэвэрхэн таг байхгүй" гэсэн.

Тэгэнгүүтээ натри соруулаад шалгая, цэвэрхэн болчихно гэж байгаа юм. Маш ноцтой зүйл. Би "Үгүй" гээд эмч нартай уулзахаар өрөө рүү явлаа гэхэд шууд л гэнэтхэн цустай тагаа сугалж аваад цэвэрхэн таг хийсэн. Маш хурдан. Би цочролд орчихсон, юу хийгээд байгааг нь ч бараг ойлгоогүй. 

Намайг эмч нарын өрөө рүү явахад тэр сувилагч "Ядаргаатай юм бэ" гэсэн. Надад хэрүүл хийх ч сөхөөгүй байгаагүй, эмчийг нь дагуулж ирээд тагаа яасан гэхэд хаясан гэж байгаа юм. 

Камер шалгах гэтэл тарианы өрөөнд ямар ч камер байгаагүй. Ингээд ямар ч баримт нотолгоогүй болсон. Эмчид нь бүгдийг хэлтэл чамд ямар ч баримт нотолгоо байхгүй гээд намайг өөр өрөө рүү дагуулж явсан, цаг алдсан.

Хагас сайны орой ээжтэйгээ ээлж солиход хүүхдийг маань гүйлгэж байна гэсэн. Манай хүүхэд анх удаа гүйлгээгүй, баас нь хатуу байсан. Маргааш нь ирэхэд мөн л гүйлгэсэн" гэсэн юм.

Харин эмнэлгийн талаас "Манай эмнэлэгт 2024 оны аравдугаар сарын 12-нд болсон үйл явдлын талаар тайлбар өгье. Одоогийн байдлаар үйлчлүүлэгч маань албан ёсны гомдлоо гаргаж өгөөгүй. Албан ёсоор өгсөн тохиолдолд бичгээр хариуг мэдэгдэнэ. Тухайн тохиолдол гарсан өдөр Сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлагын албаныхан бүрэлдэхүүнээрээ ирж, болсон асуудалд тодруулга хийсэн.

"Хүүхдэд тавьсан уян гуурсны таг унасан, тагийг буцааж таглахдаа цустай тагаар тагласан" гэсэн гомдол бий. Тухайн өдөр ажиллаж байсан сувилагч, хүүхдийн тасагт ажиллаж байсан бүрэлдэхүүн, жижүүр эмч, ирж ажилласан Сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлагын албаны дүгнэлт гарсан. Бид албан ёсны гомдлын дагуу хариугаа өгнө. Энд хариуцлагын асуудал яригдана.

Хоёрдугаарт тухайн өдөр ажиллаж байсан манай сувилагч, үйлчлэгч, жижүүр эмч нарт ажлын байранд дарамт үзүүлж, эрх чөлөө, бие махбодод халдсан асуудал ч бий. Иймд бид зохих газарт нь гомдол саналаа өгнө. Уян гуурсыг цустай тагаар тагласан гэх асуудалд гомдлын мөрөөр шалгаж, зохих хариу арга хэмжээг авна. Уг хүнд хариуг өөрт нь мэдэгдэнэ. Өглөө амнаас нь сонссон, бичгээр гомдлоо гаргаарай гэсэн байгаа. Уян зүүний таг бохирдсон үед буцааж хэзээ ч тагладаггүй. Сувилагчийн тэргэнцэр гэж бий. Түүнд сувилагчийн гарын дор хэрэглэгдэх бүх материалууд бий. Түүнээс цэвэр таглаа авч тагласан байгаа. Бид энэ бүгдэд тодруулга хийж ярилцсан.

Мөн эмнэлэгт яагаад хяналтын камер байгаагүйд эмнэлгийн талаас "Манай бүх тасаг хэсэгт засвар үйлчилгээ орсон. Үүний улмаас камерын батарей шатаж, ажиллахгүй байгаа" гэв.