Уншиж байна ...

"Томуугийн дэгдэлттэй холбогдуулан эмнэлгүүдийг уртасгасан цагаар болон амралтын өдрүүдэд ажиллуулах зохицуулалт хийнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын 40 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 108,679 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4,399 тохиолдол оношлогдож нийт үзлэгийн 4%-ийг эзэлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.8%-аар буурчээ.

Томуугаар өвчлөгсдийн 19.7% 0-1 нас, 19.1% 2-4 нас, 19.3% 5-9 нас, 23.7% нь 10-15 насны хүүхдүүд. Хүүхдийн түргэн тусламжийн 3,161 дуудлага ирснээс 28.6% нь томуу, томуу төст өвчнийх байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн ачаалал болон эмнэлгийн орны хүрэлцээ хэр байгаа талаар НЭМГ-аас тодруулахад "Нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн тусламж үйлчилгээний 759 ортой ба 2024-2025 оны томуу, томуу төст өвчний үеийн тооцооллоор 752 ор нэмж дэлгэхээр төлөвлөсөн.

Эмнэлгийн орыг идэвхжлийн үед 964, алаг цоог дэгдэлтийн үед 1,301, дэгдэлтийн үед 1,511 ор дэлгэн ажиллахаар төлөвлөж байна.

Аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нэмэлтээр 100 ор буюу Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 40, Баянзүрх дүүрэгт 50, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10 ор дэлгэж, нийт 859 оронд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Хүүхдийн орны ачаалал Сонгинохайрхан дүүрэгт 140%, Баянзүрхэд 154%, Багануурт 147%, Налайхын нэгдсэн эмнэлэгт 159%, бусад дүүрэгт хэвийн түвшинд байна.

Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах үүднээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад насанд хүрэгчид болон хүүхдийн хэвтэн эмчлүүлэх батлагдсан орны тоо, үүнээс нэмэлтээр дэлгэх боломжтой орны тооны нөөцийн судалгааг гаргаж, бэлэн байдлыг хангах, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, хүүхдийн өвчний цогц менежмент, хүүхдийн өвчний эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, томуу, томуу төст өвчний сургалтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарт зохион байгуулах, томуу, томуу төст өвчний үед хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангах, эрсдэлт бүлгийн хүн амын судалгааг шинэчлэн, томуугийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах чиглэлийг наймдугаар сард албан бичгээр хүргүүлсэн. Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 75 хувьтай байна.

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай уялдуулан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн кабинет, өрхийн эрүүл мэндийн төвийг ажлын өдрөөр уртасгасан цагаар, амралтын өдөр ажиллуулах зохицуулалт хийнэ" гэж мэдээллээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эмчийн зөвлөмж:

  • Хүүхдийг улиралд тохируулж дулаан хувцаслах
  • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эртхэн эмчид хандаж, заавар зөвлөгөөг дагаснаар хурдан эдгэрэх боломжтой.
  • Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар анги танхимын цэвэрлэгээ болон агааржуулалтад анхаарах хэрэгтэй.
  • Гар дээрээс хүнсний зүйл худалдаж авахгүй байх, амнаас ам дамжуулан идэж уух зүйлээ хувааж хэрэглэхгүй байхыг хүүхдэдээ зөвлөөрэй.
  • Улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдвал хөнгөн тусах ач холбогдолтой.
  • Гараа бохирдсон үед савандаж угааж хэвших нь амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх боломжтойг ХӨСҮТ-ийн эмч зөвлөв.
зураг