Уул уурхайн яам “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд анх удаа зохион байгуулах гэж байгаа.
Тэгвэл хэлэлцүүлгийн хүрээнд тус яамны удирдлагууд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө.
Энэ удаагийн “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийн гол зорилго нь уул уурхайн салбарын бодит мэдээллийг ард иргэдэд өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлох бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй гэдгийг УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хэлж байв.
Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги” сэдвээр илтгэл тавих бөгөөд дараах салбар хуралдаанууд болох аж.
Энэ үеэр УУЯ-ны СБТХ-ийн дарга Ч.Отгочулуунаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Иргэдийн дунд газар нутаг ихэд сүйтгэгдэж байна гэсэн яриа их гардаг. Яг өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрийн хэчнээн хувь нь ашиглалтын тусгай зөвөөрөлтэй байна вэ?
-Нийт нутгийн 0.6 хувь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, есөн хувь нь хайгуулын лицензтэй. Үүнээс 0.2 хувь нь идэвхтэй ашиглагддаг.
-Энэ удаагийн хэлэлцүүлэгт орон нутгийн төлөөллүүд оролцох сонирхол их байна гэж дууллаа.
-Орон нутгаас маш олон хүн бидэнд хандаж байгаа. Ирж оролцоно гэсэн. Түүнчлэн яамны зүгээс 21 аймгийн Засаг дарга нарыг ирж оролцооч гэсэн урилга хүргүүлсэн байгаа гэв.
“Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэгт салбарын яам, мэргэжлийн холбоод, ТББ болон иргэний нийгмийн төлөөлөл хамрагдах бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагуудыг “Эрдэс баялгийн салбар 2025” зөвлөмжинд тусгах юм байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!