Уншиж байна ...

Казахстан улс анхны цөмийн цахилгаан станцтай болох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгууллаа

Т.Давааням, ikon.mn
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Казахстан улсад анхны цөмийн цахилгаан станц байгуулахыг зөвшөөрөх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулжээ.

Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг цаг үеийг халах зорилгоор тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев ийм санаачилга гаргасан юм.

Гэхдээ Зөвлөлт Холбоот Улсын үед цөмийн туршилтын хор хөнөөлийг мэдэрсэн Казахстаны иргэдийн зарим хэсэг энэ санааг эсэргүүцэж байгаа.

Бас Орос улсыг энэ төсөлд оролцуулахаас болгоомжилсон иргэд үүнийг эсэргүүцэж байна.

“Цөмийн цахилгаан станцтай болох, үүнд Росатом компанийг оролцуулах шийдвэр дээгүүрээ аль хэдийн гарсан гэж би ойлгож байна. Казахстаны иргэдийг санал хураах байранд урьсан нь нэгэнт гарсан шийдвэрийг ёсчлох төдий үйлдэл юм” гэж алдартай блогчин Вадим Борейко бичжээ.

Балхаш нуурын эрэг дээр байгуулах цөмийн цахилгаан станцын төслийг гүйцэтгэх саналаа Оросоос гадна Хятад, Франц, Өмнөд Солонгосын компаниуд ирүүлээд байгаа юм.

Санал хураалтын үр дүн өнөөдөр буюу Даваа гарагт гарна.

Хэдийгээр байгалийн хийн их нөөцтэй ч Казахстан улс эрчим хүчнийхээ ихэнх хэсгийг нүүрснээс гаргаж авдаг бөгөөд багахан хэсгээ усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс хангадаг.

Одоогоор тус улсын хуучирсан станц, дэд бүтэц дотоодын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй болсны улмаас ОХУ-аас эрчим хүч импортолдог юм.

Дэлхийн хамгийн том уран олборлогчдын нэг тул Казахстан улс цөмийн эрчим хүчний эх үүсгүүртэй болох ёстой гэж Токаевын засгийн газар үзэж байгаа.

“Дэлхий нийтийн хөгжил дэвшлээс хоцрохгүйн тулд бид өрсөлдөх давуу талаа ашиглах ёстой” гэж Токаев санал хураалтаас хэдхэн өдрийн өмнө хэлжээ.

Гэхдээ Казахстан улс өөрөө ураныг түлш болгон ашиглах хэмжээнд хүртэл баяжуулж чаддаггүй юм.

Цөмийн цахилгаан станц байгуулах зардлыг $10-$12 тэрбум гэж засгийн газар тооцоолж байна.

Зарим шүүмжлэгчид нүүрснээс бага бохирдолтой, эрсдэл бага байгалийн хийн цахилгаан станцыг ийм хөрөнгөөр босгох боломжтой гэж үздэг.

1986 онд Чернобылийн атомын цахилгаан станц осолдсоны дараа үүссэн цацраг идэвхт бохирдлыг цэвэрлэх ажиллагаанд тухайн үед Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Казахстаны олон арван мянган иргэн дайчлагдаж, эрүүл мэндээрээ хохирч байжээ.

Мөн Зөвлөлтийн цөмийн зэвсгийн туршилтын талбай Казахстаны нутаг дэвсгэрт оршдог байсан бөгөөд ойр орчимд нь амьдардаг ард иргэд цацраг идэвхийн хордлогоор шаналж байсан түүхтэй.

Тиймээс Казахстаны олон нийтийн сэтгэл зүйд цөмийн эрчим хүчний үр дагавраас айх айдас нэлээд гүнзгий байдаг.

“Хүн үргэлж өнгөрсөн рүүгээ харж, муу зүйлийг дурсаж, гомдоллож болохгүй. Бид зөвхөн урагшилж, өөдрөг байх ёстой. Эс тэгвээс бид дэлхийн хөгжил дэвшлээс хоцрох болно” гэж Токаев хэлж байжээ.

 

Эх сурвалж: Reuters