Аливаа улсын Засгийн газар хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах бол "Fitch", "S&P", "Moody's" зэрэг агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолгодог.
Иймд манай улс Чингис бондыг гаргахынхаа өмнө буюу анх 2010 онд олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгож байжээ. 2011 онд "Fitch" агентлаг Монгол Улсад "В+ Тогтвортой" үнэлгээг өгсөн нь манай улсын авч байсан хамгийн өндөр үнэлгээ юм байна. Харин 2013 оноос дээрх агентлагуудын зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь тогтмол унасаар 2016 онд хамгийн доод шатандаа очжээ. Улмаар манай улс Олон Улсын Валютын Сан(ОУВС)-гийн хөтөлбөрт орсноор аажмаар сэргэж, 2018 онд "Fitch" агентлаг "В" ангилалд оруулсан байдаг.
Харин энэ долоо хоногийн эхээр тус агентлагаас мэдээлснээр манай улсын зээлжих зэрэглэл "В+ Тогтвортой" болсон юм.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын Засгийн газрын үнэлгээг нэг бүтэн зэрэглэлээр ахиуллаа. "Fitch" агентлагаас манайд өгч байсан хамгийн өндөр үнэлгээн дээрээ бид буцаж ирлээ. Энэ бол нэг л алдвал хөгжлөө 10-12 жил, магадгүй үүнээс ч их хугацааг алдах эрсдэлтэй байдаг гэдгийг харуулсан анхааруулга юм.
Мэдээлэл гарсны дараагаар Засгийн газрын бондууд болон дотоодын бондуудын үнэлгээ эрс сайжирлаа. Үүнийг дагаад Хөгжлийн Банк, ХААН Банк, Хас Банкны зээлжих зэрэглэл сайжирсан. Мөн Энержи Ресурсын зээлжих зэрэглэл нэмэгдэхээр хүлээгдэж байна.
Эдгээр санхүүгийн институтаар дамжуулан гаднаас хөрөнгө оруулалт татах боломж нэг шат ахиж, гаднаас татах хөрөнгийн эх үүсвэрийн өртөг буурч, эцсийн хэрэглэгч буюу зээлдэгчдэд очих зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!