Уншиж байна ...

А.Амартүвшин: Хан-Уул дүүрэг нь Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа гэсэн гурван үндсэн том хот болж хөгжинө

ikon.mn
2 цаг 27 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшинтэй ярилцлаа.  

- Та мэргэшсэн дипломатч хүн. Яагаад дүүрэгт ажиллахаар болов?

- Олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил сонгохдоо л Монгол Улсын гадаад харилцааг дэлхийн түвшинд хүргэнэ гэж наснаасаа ахадсан том мөрөөдөл тээж, шийдвэрээ гаргаж байсан даа. Багаасаа л  том санаатай байсан юм шиг байгаа юм. Монгол улсын гадаад харилцаа дэлхийн тавцан дээр гарч байж тусгаар тогтнолоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн улсыг өвлүүлэх боломж бүрдэхийг энэ мэргэжлийг сонгоод бүүр илүүтэй  ойлгосон юм. 2000 оны эхэн үед манай улсын гадаад харилцаа өнөөгийнх шиг байгаагүй, нийгмийн тогтолцоо солигдоод удаагүй.  

Олон улсын дипломат харилцаа тэс өөр байдлаар явагдаж эхэлж байсан торгон мөч байв. Эдийн засаг ч тэр үед тааруухан, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх нь ч төдийлөн өнөөдрийнх  шиг байгаагүй шүү дээ. Тиймээс л энэ салбарт залуу мэргэжилтний оролцоо хэрэгтэйг  мэдэрч  Австралийн Монашийн их сургуулийг Улс төр, гадаад судлалаар 2007 онд суралцаж төгсөөд үргэлжлүүлэн Австрали улсын Деакины Их сургуульд гадаад харилцаа, эрх зүйгээр магистр хамгаалсан хэрэг. Том мөрөөдлөө биелүүлэхийн тулд  мэдлэг, ур чадвараа ахиулах, өөрийгөө бэлдэх гэж хэрдээ л хичээсэн дээ.  

Сургуулиа төгсчхөөд шууд л Монгол улсын гадаад харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх дэврүүн бодолтой ирсэн ч төрийн алба тэс өөр арга замаар явагддагийг мэдсэн. Төрийн албан хаагчийнхаа шалгалтыг өгөөд л УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажлын гараагаа эхэлж, 2013 оныг хүртэл Гадаад харилцааны хэлтсийн зохион байгуулагч, шинжээч, референт зэрэг алба хашсан. 2013 оноос 2016 онд  Монгол улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-нд дипломат ажилтан, Гуравдугаар нарийн бичгийн дарга, консул  болж хоёр улсын харилцааны олон асуудалд оролцож ажилласан.

зураг
 

Ажиллаж эхлээд удаагүй байхдаа Монгол улс ЗХУ-ын үед зээлсэн олон сая долларын өрөө БНБУ-д шилжүүлэх шаардлагатайг олж мэдсэн. Энэ асуудлын хэлэлцээр 10 жилийн туршид огт шийдэл олж чадалгүй сунжирсан байлаа. Энд ажиллах үедээ Монгол улсаа өргүй болгоё гэж шийдэн  хичээсэн. Олон удаагийн  хэлэлцээрийн үр дүнд Монгол улс БНБУ-д өрөө төлөх ч, тэрхүү үнийн дүнтэйгээ дүйх мөнгөөр  оюутнуудаа их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэг авч чадсан юм.  БНБУ хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх улсуудын нэг.

Хөдөө аж ахуйн салбар болон бусад олон чиглэлээр манай улсаас одоо ч олон оюутнууд БНБУ-ыг зорьж суралцаж байгааг харах сайхан байдаг. Гадаад харилцааны салбарт ажиллах  миний мэргэжлийн замналын хамгийн онцлох үйл явдал энэ байсан.

Би боловсролд оруулсан хөрөнгө оруулалт ирээдүйд 7 дахин өндөр өгөөжөө өгнө гэдэгт бүрэн итгэдэг. Тийм  учраас залуус, хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд төр гар татах ёсгүй, аль болох олон боломжийг нээж, өсөж хөгжих “хаалгыг”  улам цэлийтэл тэлэхэд анхаараасай гэж боддог. Бид хэдий чинээ багаас нь бойжуулна, та бидний ирээдүй төдий чинээ гэрэлтэй байна.

Би ирээдүйд гадаад харилцаагаар улам мэргэшиж, хэзээ нэгэн цагт улсаа төлөөлөх Элчин сайд болохыг мөрөөддөг юм. Болгарт ажиллаж байхдаа Элчин сайд бол Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхээс гадна монгол иргэн бүрийг төлөөлдөг хүндтэй, хариуцлагатай алба гэдгийг ухаарч, ихээхэн урам зориг авсан. Тэндээс хэрэв мөрөөдлөө биелүүлье гэвэл зөвхөн гадаад харилцааны салбарт ажиллаад байх бус иргэдтэй илүү ойр ажиллах хэрэгтэй юм байна гэсэн бодолтой ирсэн дээ. Хороо/баг, дүүрэг/сумаа ч төлөөлж үзээгүй хүн бүхэл бүтэн улсаа төлөөлнө гэдэг нэг л байж боломгүй санагддаг. Тийм ч учраас иргэдийг төлөөлөх ажил хийж, нэг иргэний ч болов асуудлыг шийдье, жинхэнэ амьдрал өрнөж буй газар ажиллая гээд дүүргийн засаг захиргаанд ажиллах шийдвэр гаргасан хэрэг.Ингээд 2016 оноос хойш Хан-Уул дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байна.

-Таны дүүрэгт ажиллах ажлын замналын онцлох үйл явдал юу байв?

- Дүүрэг хэмээх “айл”-ын ажил бол барагдахгүй их, оролцохгүй зүйл ховорхон шүү дээ.  Тиймээс төлөвлөлт хийж, ажлаа эрэмбэлсэн хэрэг. Дипломатч мэргэжлээ хэрхэн ашиглах уу гэж нэлээд бодсон.   Хан-Уул дүүрэгт гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжуудыг судлах, хүлээгдэж байгаа шийдлийг хурдавчлах, олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгт илүү өргөн хүрээтэйгээр хамруулах, шинэ гарц, гаргалгааг хайх гээд боломжит бүхий л хувилбарын хүрээнд эрэлхийлж ажилласан нь эргээд үр шимээ өгч эхэлснийг харахад урамтай байдаг. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалтаар  161 -р сургууль,  130-р сургууль шинээр баригдаж ашиглалтад орж, Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 75-р  сургуулийг нураан шинээр барьсан.

Азийн хөгжлийн банкны зээл тусламжид хамрагдан Яармагийн нэгдсэн эмнэлэгт өргөтгөл хийгджээ.

Япон Улсын Мусашимураяма гэх Токиогийн дагуул хоттой 2017 онд хамтын ажиллагаа эхлүүлж, дүүргийнхээ хүүхдүүдийг соёлын солилцоогоор Япон руу явуулж эхэлсэн. Good Neighbors олон улсын байгууллагатай хамтран 700 сая төгрөгийн санхүүжилтээр дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг 3 давхар болгож өргөтгөсөн. Дүүргүүд хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах нэг цэгийн төвгүй байдгийг анзаарч, дүүрэгтээ байгуулъя хэмээн НҮБ-ын Хүн Амын Санд хандан дэмжлэг авч бодит ажил болгосон. Энэ жишгээр тус байгууллагатай дахин хамтарч Залуучууд хөгжлийн төвийн бүрэн тохижилтын ажлыг хийсэн гээд цааш хүвэрнэ.

Хүнд сурсан мэдлэг, эзэмшсэн мэргэжил, ажилласан туршлага төлөвлөснөө хэрэгжүүлэхэд гол түлхүүр байдаг юм билээ.

Мөн Хан-Уул дүүргийн засаг даргын орлогчоор ажиллахдаа “Хамгийн сайн сургууль, цэцэрлэг  гэртэйгээ ойр” гэсэн концепцийг бодит байдал дээр хэрэгжүүлж ажиллахыг зорьсон.

“Боловсрол, эрүүл мэндийн салбар’’-ын чанар, хүртээмжийг сайжруулж ажилласны дүнд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт гурван жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн. “Хамгийн сайн сургууль, цэцэрлэг гэртэйгээ ойр ” гэх үзэл баримтлалаар дүүргийн бүх хороог төрийн өмчийн сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна.

зураг
 

Хан-Уул дүүрэг өдгөө боловсролын салбарын хүртээмж, хөрөнгө оруулалтаар бусад дүүргийг тэргүүлж байна. Тус салбарын хөрөнгө оруулалт 2016-аас  2024 онд 30 дахин нэмэгдэж 7620 суудалтай 11 сургууль, 3870 ортой 21 цэцэрлэг ашиглалтад өгөөд байна. Цаашид нийслэлийн шинэчилсэн бодлого төлөвлөлтийг Хан-Уул дүүргийн иргэдийнхээ төлөө уялдуулан ажиллах, хүртээмжээс чанар руу шилжих бодлогыг баримтлан ажиллана гэж төлөвлөж байгаа.

- Таныг 32 жил өөрчлөгдөөгүй Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэлийг хийхэд нэлээд  оролцоотой байсан гэсэн сонссон. Эрс шинэчлэлийн сонголтын торгон ирмэгт орон нутгийн сонгууль болох гэж байгаагаараа онцлог юм. Ямар шинэчлэл хийгдэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд бий?

- Сүүлийн 32 жил өөрчлөгдөөгүй байсан Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэл 2026 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж, шинэ бүтцээр ажиллана.  Энэхүү  түүхэн өөрчлөлт  өнөөгийн хотын дүр төрхийг өөрчилнө гэдэгт эргэлздэггүй.

1992 онд нийслэл хотын хүн ам 575,000 байсан. Одоо 1,750, 000 болж хэд дахин өсөв. Хан-Уул дүүргийн хүн ам 147, 000 байсан бол сүүлийн долоохон жилийн дотор 285, 000 болж эрчимтэй нэмэгдэж байна.

 Нийслэл хотын шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу Хан-Уул дүүрэг нь Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот гэсэн 3 үндсэн том хот болж хөгжинө. Улаанбаатар хотын шинэ орон сууцны 60 хувь нь зөвхөн манай дүүрэгт баригдаж байгаа тул ирээдүйд Нийслэлийн хамгийн том дүүрэг, хамгийн том 3 хот болохоор харагдаж байгаа. Дэлхий дахинд “20 минутын хот” гэж том үзэл санаа түгэж байгаа. Тэр нь иргэн 20 минутын дотор бүх үйлчилгээндээ хүрдэг байх ёстой гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төвд хүн гэрээсээ гараад дээд тал нь 20 минутын дотор л алхаад хүрдэг байх ёстой гэсэн стандарт юм.

Одоо бидний бүх үзвэр, үйлчилгээ, эмнэлэг, хотын төвд голдуу төвлөрчихсөн. Хүүхдээ машинаар сургууль, цэцэрлэгт хүргэдэг гээд олон асуудал бий.

Өнөөгийн бүтцээр  Нийслэлийн засаг дарга,  9 дүүргийн засаг дарга , 204 хороо бүр засаг даргатай. Нийтдээ 214 Засаг даргатай гэсэн үг. Гэтэл үнэндээ асуудал  шийдэх хэмжээний эрх мэдэлтэй нь  ердөө арав. Бусад нь  төсөв санхүүгийн ямар ч эрх мэдэлгүй,  зүгээр дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс олон улсын жишигт нийцүүлж, Улаанбаатар хотыг 17 хотод хувааж, хороодыг нэгтгэнэ. Хот дор бүрнээ эрх мэдэлтэй болно, асуудлаа өөрсдөө шийднэ, хариуцлагаа  ч өөрсдөө үүрнэ, буух шууд эзэнтэй болно.

Ингэснээр 17 хот нь асуудлаа шийдэх  боломжтой болж “20 минутын  хот” концепцоор хөгжих юм. Эдгээр хотын удирдлагуудыг намын томилгоогоор  биш иргэд өөрсдөө сонгодог болно. Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж буурч цомхон болохоор төсвийн маш том хэмнэлт гарна. Харин НИЙСЛЭЛ нь бусад хотуудынхаа аж ахуйн асуудалтай зууралдахгүй, зам, гүүр, инженерийн байгууламж, метро гэх мэт том асуудалдаа төвлөрнө.

зураг
 

- Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

- Сүүлийн үед  сургууль, цэцэрлэгийн хоолны асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа. Манай хотын өнгө ч саарал, хүүхдүүдийн хоол ч саарал өнгөтэй байна гэхээр  яагаад гэж зарим хүмүүс асуудаг. Өнөөдөр бидний жижигхэн гээд орхиод байгаа асуудал бүрийн цаана хамгийн чухал зүйл нуугдаж шийдлээ хүлээж байгааг анзаарахгүй орхиж боломгүй санагддаг. Магадгүй тэнд бидний ирээдүй рүү довтлох улаан гэрлийн учиг бүрэлдэж байхыг  ч таашгүй. Жишээ нь  хүүхдүүд өдрийн ихэнх хугацааг цэцэрлэгтээ өнгөрөөдөг. Нэг хүүхдэд манай улсаас ердөө 2475 төгрөг л төсөвлөдөг. Мөн Сургуулийн өдрийн цай хөтөлбөр нэг хүүхдийн 1500 төгрөг.

Та өдөрт 1500, 2475 төгрөгөөр ямар  амин дэмтэй хоол авч хэрэглэж болох билээ гээд бодоод үзээрэй. Өмсөх хувцаснаас нь илүү чухал зүйл бол хоол хүнс. Таны, миний, бидний хүүхдүүдийн  өсч өндийж байгаа тэр чухал үед нь өдөржингөө шим тэжээл багатай хоол хүнс өгсөөр л байх уу? Хүүхдийн хоолны хэмжээг насанд нь тааруулах хэрэгцээ шаардлагатай байдаг. Гэтэл тухайн хүүхэд хоёр настай байна уу, тавдугаар анги байна уу, ямар ч ялгаагүй хэмжээтэй хоол ид гээд тулгаж байгаа шүү дээ. Үүнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Аливаа зүйлд шийдэл хайвал гарц  заавал байдаг. Эцэг эхчүүдийнхээ  оролцоог нэмэгдүүлбэл илчлэг, амин дэм ихтэй, эрүүл мэндэд тустай хоол хүүхдүүдэд хүртээх боломж бүрдэх юм.

- Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл,ажил юу байдаг вэ?

- Манай “Хан-Уул клуб” бол дүүргийнхээ алслагдсан хороодын хүүхэд, залуучуудад зориулсан спортын клуб юм. Хотын төвөөс зайтай байршлуудад спортоор хичээллэх боломж тааруу байдгаас үүдэн клуб эхлүүлэх сэдэл төрж байв. Клубээ 2014 онд найзын хамт байгуулсан ч 2016 онд Монголд ирээд л илүү анхаарал хандуулах боломжтой болсон. Ингээд 2017 онд Хан-Уул хөлбөмбөгийн клубийг, 2018 онд сагсан бөмбөгийн баг байгуулсан даа. 2019 онд мөн бүжгийн клуб нээн өргөжүүлсэн.  2016 онд манай клуб лигт оролцох эрхээ анх авч байсан үеийн зураг маань манай өрөөнд байдаг. Энэ ажлыг л дурлаж хийдэг дээ.

Мөн клубийнхээ үйл ажиллагааны хажуугаар хүүхэд, залуучуудын хамрагдах боломжтой дугуйлан эрхлэн ажиллуулдаг. Одоо энэ жил манай клубийн 10 жилийн ой болж буйтай тохиолдуулан гар бөмбөгийн клубийг шинээр нэмж байгаа. Энэ жилдээ багтаан гар бөмбөгийн багтай болохоор ажиллаж байна. Спортоор өсвөр, залуу үеийг зөв хүмүүжүүлэх нь их чухал.  Спортоор хичээллэдэг хүүхдүүд бие бялдрын хувьд хөгжихөөс гадна бусад хүүхдүүдээс илүү хурдан сэтгэх, асуудлыг олон талаас нь харах гээд  чадвараар илүүрхдэг шүү.

Бид клубтээ Хан-Уул дүүргийн зорилго нэгтэй залуусыг нэгтгэн улсын аварга, лиг гэх мэт тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж байна. Бид энэ клубийг мөнгө олох зорилгоор биш, залуучуудыг хөгжүүлэхийг эрмэлзэж ажиллуулдаг. Түүнчлэн насанд хүрэгчдээс гадна хүүхэд багачууддаа зориулсан спортын секц дугуйлангуудыг хичээллүүлдэг. Бид бэлтгэл хийх заал танхим, дасгалжуулагч, тэмцээнд орох үед хувцас хэрэглэлээр хангаад явдаг. Санхүүжилтийн хувьд аль болох зорилго нэгтэй хүмүүс, байгууллагуудтай хамтрах байдлаар, заримдаа өөрсдөөсөө илүүчлэх маягаар шийдэж явдаг даа.

- Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Гадаад харилцааны мэргэжилтэй болохоор олон улсын хөгжлийн түүхийг судлах дуртай.  Манай улсын туулж буй замналыг бүхий л улсууд давж туулсан байдаг. Манайд тулгамдаж буй асуудлуудыг Солонгос, БНБУ, Австрали, Англи гээд дэлхийн  улс орнууд  хэрхэн шийдсэн нь сонирхол татдаг.  Судалгааны ажил хийх нь миний сонирхол юм уу даа. Хоолны тал дээр л гэхэд бүр мэргэжилтэн болтлоо судалчихсан байгаа шүү (инээв).

Мөн амжилтад хүрсэн хүмүүс, алдартан болон хүний  түүхийг уншиж, судална. Ямар нэгэн шинэлэг санаа оноо юу байна гээд авах, гээхийн ухаанаар сонждог.

Зарим хүмүүсийг харахаар  цоо шинэ санаа олох гэж хичээдэг атлаа  судалгаа огт хийдэггүйд гайхдаг. Уг нь амин судал нь судалгаа юм шүү дээ.

 

Ярилцсан: Х.Тамирчулуун