Уншиж байна ...

Сармат пуужингийн туршилт амжилтгүй болсон талаар асуултад Кремль хариулахаас татгалзав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын шинэ үеийн баллистик пуужин Сарматыг өнгөрсөн Бямба гарагт туршихад зогсоол дээрээ дэлбэрсэн тухай хэвлэлүүд мэдээлж байгаа.

Умард хязгаарын Архангельск мужийн Плесецк агаарын баазын талбайд уг дэлбэрэлтийн улмаас асар том тогоо үүссэнийг хиймэл дагуулаас авсан зураг харуулсан юм.

Өчигдөр буюу Даваа гарагт сэтгүүлчид энэ талаар Кремлийн хэвлэлийн албанаас асуухад хариулахаас зайлсхийжээ.

“Бидэнд энэ талаар мэдээлэл алга” гэж хариулсан хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков уг асуултыг батлан хамгаалах яаманд тавихыг сэтгүүлчдэд зөвлөсөн байна.

Өрнөдийн мэргэжилтнүүд “Satan 2” гэж нэрлэдэг РС-28 Сармат нь 200 тонн жинтэй, хэд хэдэн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, тив алгасагч баллистик пуужин юм.

Энэ пуужин хөөрөх үе шатанд зарцуулдаг хугацаагаа богиносгож чадсан тул дайсны урьдчилан мэдэх, хариу үйлдэл үзүүлэх боломжийг бууруулсан гэдэг.

Украинд дайн эхэлсэн цагаас хойш ОХУ-ын ерөнхийлөгч Путин цөмийн зэвсгээр Өрнөдийн орнуудыг сүрдүүлж, Сармат, Кинжал, Авангард зэрэг сүүлийн үеийн зэвсгүүдээ “дийлдэшгүй” хэмээн магтаж байлаа.

 

Эх сурвалж: The Moscow Times