Уншиж байна ...

Оросын баллистик пуужингийн туршилт амжилтгүй болсныг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын шинэ тив алгасагч баллистик пуужин РС-28 Сарматын туршилт амжилтгүй болсныг судлаачид мэдээлжээ.

Бямба гарагт Оросын баруун хойд хязгаарын Плесецк агаарын баазад уг туршилт болсон байна. Planet Labs компанийн хиймэл дагуулаас авсан зургаас пуужингийн туршилтын талбайд томоохон тогоо үүссэн нь харагджээ.

“РС-28 Сармат пуужингийн туршилт амжилтгүй болсон нь тодорхой харагдаж байна. Пуужин зогсоол дээрээ дэлбэрснээс асар том тогоо бий болж, туршилтын талбай сүйрчээ” гэж Х платформд MeNMyRC хаягаар бичдэг шинжээч мэдээлсэн байна.

Пуужин хөөрөх үедээ биш, шатахуунаар цэнэглэх шатандаа дэлбэрсэн гэж дүгнэжээ.

Дэлхийн даяар баллистик пуужин хөөргөсөн тохиолдлуудыг бодит цагийн горимд бүртгэж байдаг НАТО-гийн “Cobra Ball” тандалтын нисэх онгоцонд Плесецкийн баазаас ямар нэг үйл ажиллагаа бүртгэгдээгүй нь үүнтэй холбоотой гэнэ.

Орос улсын стратегийн цөмийн зэвсэглэлийн нэг чухал хэсэг болох Сармат пуужинг анх 2022 оны дөрөвдүгээр сард амжилттай туршсан гэдэг.

Гэхдээ түүнээс хойш гурван туршилт нь дараалан амжилтгүй болж байжээ. Плесецкийн талбайд дэлбэрсэн пуужин дөрөв дэх амжилтгүй туршилт болж байгаа гэнэ.

Дэлбэрэлтийн үеэр ойр орчмын ой мод шатаж, асар их халалт бүртгэгдсэнийг бусад хиймэл дагуулаас авсан мэдээлэл харуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын цөмийн зэвсэг “бэлэн байдалд” шилжсэнийг анхааруулж байв.

Sky News Arabia сувагт өгсөн ярилцлагадаа тэр “Давж болохгүй улаан шугамын талаар бидний яриаг шийдвэр гаргах чадвартай ухаалаг хүмүүс олж сонсоно гэдэгт найдаж байна. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол бид маргааш ч гэсэн улаан товчлуурыг дарахад бэлэн байна. Ийм нөхцөлд бидний юу ярьж байгааг ойлгох чадвартай шийдвэр гаргагчид байгаа гэдэгт найдаж байна. Хэн ч цөмийн дайныг хүсэхгүй” гэж хэлжээ.

Лавров бас “Украины дэглэмийг удирдаж буй хүмүүст ноцтой нөлөө үзүүлэх зэвсэг” Орос улсад байгааг энэ үеэр анхааруулсан юм.

 

Эх сурвалж: Newsweek