Уншиж байна ...

Сингапур улс сүүлийн 40 орчим жилийн хугацаанд гарсан хамгийн том авлигын хэргээ шүүх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн бага авлигажсан орон гэгддэг Сингапур улс сүүлийн дөч орчим жилийн түүхэндээ гарсан хамгийн том авлигын хэргийг шүүх гэж байна.

Тус улсын зам тээврийн сайд асан 62 настай С. Исвараны шүүх хурал маргааш буюу Мягмар гарагт эхлэх юм.

Түүнийг төрийн алба хааж байх хугацаандаа бусдаас хээл хахууль авсан гэх 35 зүйл хэрэгт буруутгаж байгаа.

Сингапурын хуулиар төрийн албан хаагчид, улс төрийн сонгуульт албан тушаалтнууд 50 сингапур доллароос ($38) илүү үнэтэй бэлэг бусдаас авахыг хориглодог.

Исвараны хувьд хоёр бизнесмэнээс нийтдээ 400,000 сингапур долларын ($306,000) бэлэг авсан гэж буруутгагдаж байна.

Түүний авсан бэлэгт West End мюзикл үзэх тасалбар, онгоцны тийз, лонхтой виски, Английн Премьер Лигийн тоглолт үзэх тасалбар зэрэг эд зүйлс байжээ.

Исваранд эдгээрийг бэлэглэсэн Малайзын тэрбумтан Он Бэн Сэн, Сингапурын бизнесмэн Лум Кок Сэн нарын хэн ч нь шийтгүүлээгүй юм.

Яллах дүгнэлт гарахаас нэг өдрийн өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын 17-нд Исваран ерөнхий сайд Ли Сян Лүүнд бичсэн захидалдаа “Би өөрт тулгасан бүх ялыг үгүйсгэж, гэм буруугүйгээ баталж байна” гэж бичсэн байв.

Хожим тэр өөрийн сайн найз хоёр бизнесмэний өгсөн эд зүйлсийг бэлэг гэж бодож байгаагүйгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж байжээ.

Дараа нь тэр албан тушаалаасаа огцорч, эрх баригч PAP (People’s Action Party) намаас гарсан юм.

“Засгийн газар энэ хэргийг хуулийн дагуу нухацтай авч үзэж байгаа. Цаашдаа ч тэгэх болно. Би нам, засгийн газрын шударга байдал, нэр хүндийг хамгаалахын төлөө тууштай тэмцэх болно. Сингапурчууд үүнээс ч илүүг хүсэн хүлээж байгаа” гэж ерөнхий сайд Ли тухайн үед мэдэгдэж байжээ.

Исвараны шүүх хурлын эхний хэсэг есдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх тов гарсан байна. Прокурорууд 56 хүнийг гэрчээр дуудсаны дотор Исвараны эхнэр байгаа юм.

Исвараны хэрэг дэгдэхээс хэдхэн сарын өмнө Сингапурын парламентын спикер, ирээдүйн ерөнхий сайд гэгдэж байсан Тан Чуань Жин хууль тогтоогч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байснаа хүлээж, 2023 оны долдугаар сард албан тушаалаасаа огцорсон байна.

Түүнтэй нэр холбогдсон парламентын гишүүн бас огцорсон юм.

Исвараны шүүх хурал шинэ ерөнхий сайд Лоренс Вонг үүрэгт ажилдаа ороод таван сарын хугацаа өнгөрсний дараа тохиож байна.

Бас 2025 оны арваннэгдүгээр сард Сингапурт парламентын ээлжит сонгууль болно.

Тиймээс эрх баригч нам болон шинэ ерөнхий сайдын хувьд энэ шүүх хурал маш чухал ач холбогдолтой үйл явдал болох юм.

Үүнээс өмнөх Сингапурын хамгийн том авлигын хэрэг 1986 онд үндэсний хөгжлийн сайд асан Тэ Чан Ваны холбогдсон нэг сая сингапур долларын ($775,000) хээл хахууль байжээ.

Сайд асан хэргийг шалгах явцад амиа хорлосон юм.

 

Эх сурвалж: Aljazeera