Уншиж байна ...

Дональд Трамп энэ оны сонгуульд ялагдвал 2028 онд дахин өрсөлдөхгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп энэ оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал 2028 оны сонгуульд дахин өрсөлдөхгүйгээ мэдэгджээ.

Ням гарагт цацагдсан телевизийн ярилцлагын үеэр тэр энэ талаар асуултад хариулахдаа “Үгүй ээ. Би тэгэхгүй. Дахин өрсөлдөнө гэж би огт бодохгүй байна” гэж хэлсэн байна.

Гэсэн хэдий ч 78 настай Трамп арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуульд “амжилттай оролцоно” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр одоо Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харристай тун ойролцоо түвшинд өрсөлдөж байгаа. Ялангуяа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шийддэг гол мужуудад тэдний рэйтинг бараг тэнцүү байна.

Зургаадугаар сард болсон хүнд хэцүү мэтгэлцээний дараа ерөнхийлөгч Жо Байден нэрээ татаж, дэд ерөнхийлөгч Камала Харрис нэр дэвшсэнээр Ардчилсан Намын дэмжлэг мэдэгдэхүйц нэмэгдсэн юм.

2020 оны сонгуульд Байденд ялагдсан Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, “шударга” сонгуулийн төлөө тэмцэхийг дэмжигчдэдээ уриалж байв.

Үүний улмаас 2021 оны нэгдүгээр сарын 6-нд сонгуулийн үр дүнг өөрчлөхийг шаардсан Трампын дэмжигчид Капитолын ордонд дайран орж, үймээн самуун дэгдээсэн юм.

Сүүлийн саруудад Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Трамп ирэх сонгуулийн үр дүнг ямар байхаас үл хамааран хүлээн зөвшөөрөх эсэх талаар асуултад хариулахаас хэд хэдэн удаа татгалзаад байна.

 

Эх сурвалж: AFP