Уншиж байна ...

Ч.Жангар: Халимаг, Тува, Буриад монголчуудыг нэгтгэсэн Монгол үндэстний карттай болъё

П.Сайнжаргал, IKON.MN
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол үндэстний карт хуулийн төслийн талаар “Монгол туургатны гэрэгэ” байгууллагын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэдний зүгээс Халимаг, Буриад, Тува үндэстнүүдийг нэгтгэсэн Монгол үндэстний карттай болох саналыг дэвшүүлж, дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаа илэрхийлж байв. 

Халимаг монгол иргэн Ч.Жангар "Даяаршил, шилжилт хөдөлгөөний нөхцөлд үндэсний онцлог маань улам бүр сорилтод орж байгаа. Монгол үндэстний картын хуулийн төсөл нь зүгээр нэг баримт бичиг биш. Соёлын өвийг хамгаалах, монголчууд хоорондын салшгүй холбоог бэхжүүлэх хүчирхэг хэрэгсэл юм.

Энэхүү гэрэгэ нь биднийг бусад үндэс угсаатнуудтайгаа холбогдох найдвартай гүүр болж, хамтын хөгжлийн шинэ боломжийг нээх болно. Карт эзэмшигчид олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болж, Монгол Улсын амьдрал, хөгжилд идэвхтэй оролцох боломжийг мөн олгох юм.

Монгол үндэстний карт нь Монгол Улс болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон монголчуудыг хооронд нь нэгтгэх хамтын нийгэмлэгийг бий болгох зорилготой. 

Евро-Азийн ихэнх оронд өөрсдийн үндэстэн ястнуудыг хүлээж авдаг хууль эрх зүйн орчин бий. 

Дэлхийн 48 улсад үндэстний картын хуулийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Евро-Азидаа зөвхөн Монгол, Хойд Солонгос хоёр улс л өөрсдийн үндэстнүүдийг дэмжих картын хуулийг хэрэгжүүлээгүй байгаа.

БНСУ-ын тухайд өөрийн үндэстэн ястан болох солонгос ард түмнээ хүлээж авдаг. Мөн 2007 онд Киргиз улс энэ төрлийн картыг хэрэгжүүлж эхэлжээ" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол туургатны гэрэгэ” ТББ-ын гишүүн С.Тогтохжаргал "Хилийн чанад дахь бусад Монгол үндэстнүүд Монгол Улсад ирж, ажиллаж амьдрах хүсэл зорилготой байдаг. 

Бидэнтэй л адил монгол хүмүүс. Үнэнийг хэлэхэд харийн оронд амьдарч буй Монгол үндэс язгууртнууд хэл соёлоо мартаж байна. 

Гэтэл Хятад, Солонгос, Киргиз, Казахстан зэрэг улс орнууд өөрсдийн үндэстний карттай болжээ. Хэрэв Монгол үндэстний карттай болбол угсаа нэгтэй хүмүүс Монголдоо өөрийн гэсэн тусгай эрхтэй болно. 

Ажиллаж, амьдарч, сурч хөдөлмөрлөх эрхтэй энэ картын төслийг Халимагаас ирсэн Ч.Жангар гэдэг хүн санаачилсан. Хаа байсан Халимагаас ирээд энд жил гаруй болж байна. Ганцхан энэ ажлыг л хөөцөлдөөд явж байгаа. 

Манай монголчууд цөөхүүлээ ард түмэн. Гэвч хилийн чанадад байгаа монголчууд нааш ирж амьдарч, ажиллая гэхээр цааш түлхээд байдаг" гэлээ.