Уншиж байна ...

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг яамдад хуваан харьяалуулж байгааг эсэргүүцэв

А.Ням-Өлзий, iKon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайд П.Наранбаяр, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нарт Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос шаардлага хүргүүлж, тэмцлийн шатанд шилжиж буй талаараа мэдээлэл хийлээ.  

Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан эвслийн Засгийн газрын анхаарал шинжлэх ухааны салбараас хөндийрөөд байна. Яг одоогоор шинжлэх ухааны бодлого хоёр харьяалалтай болчхоод байна. Олон жилийн турш шинжлэх ухааны салбар Боловсролын яаманд харьяалагдаж ирсэн. Гэтэл одоо шинэ Засгийн газрын аль ч яаманд шинжлэх ухаан гэдэг нэр алга. Энэ нь шинжлэх ухаан гэдэг зүйлээс Монгол Улс татгалзаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёрдугаарт, шинжлэх ухаан хариуцсан яам нь Эдийн засаг, хөгжлийн яам гэж байгаа боловч төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн 50 орчим хувийг л хамаарч байна.

Үүнээс болоод монголын шинжлэх ухааны түүчээ болсон хүрээлэнгүүд хоёр яамны дунд хаягдаад, эрдэм судлаачид нь хаана, хэнд хандахаа мэдэхгүй болчхоод байна.

Яг энэ үед зарим сайд, их сургуулийн захирлууд өөрсдийн амбицдаа хөтлөгдөж, зөвхөн аль нэг байгууллагыг хувийн харьяалалдаа байлгах гэсэн хүсэл шуналдаа хөтлөгдөх хүрээлэнгүүдийг булаацалдаж байна. Сайд, захирлуудыг булаацалдаан хэдэн хүрээлэнг үгүй хийх нь. Учраа мэдэхгүй хэдэн сайд нар хүрээлэнгүүдээр гараа угаачих гээд байна шүү. Үүнийг ард түмэндээ болон төр засагтаа хандаж сонордуулж байна.

Хүрээлэнгүүдийн хувьд хүний нөөц, дэд бүтэц гэдэг зүйл байхгүй болсон. Засгийн газраас их сургуулиудын харьяанд хүрээлэнгүүдийг шууд нааж өгдөг. Их сургуулиуд төсвийн бус байгууллага, хүрээлэн бол төсвийнх. Баруунд ийм байдаг гэдэг нэрийдлээр хоёр өөр байгууллагын хүчээр нэгтгээд эцэст нь аль ч их сургууль нэг ч хүрээлэнг хөгжүүлээгүй 30 жил өнгөрч байна.

Бид энэхүү мэдээллээрээ Боловсролын сайд П.Наранбаяр, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нарт хандаж шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийг хоёрдуулж хаяхаа боль, хүрээлэнгүүдийн харьяалал, санхүүжилтэд ул суурьтай хандах, их сургуулийн хүрээлэнгүүдийн харьяаллын асуудлаар тухайн хүрээлэнгийн ажилтнуудаас санал авч шийдвэрлэдэг байх, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2025 оны төсвийн Эдийн хөгжлийн сайдын багцад тусгуулахыг шаардаж байна.

Уг шаардлагын хариуг есдүгээр сарын 28-ны дотор авах бөгөөд хариу ирүүлээгүй тохиолдолд дараагийн тэмцлийн дараагийн арга хэмжээг авна.

Бид аравдугаар сарын 1-ний өдөр Төв талбайд жагсаал, суулт зохион байгуулахаар төлөвлөж байгаа" гэлээ.