Уншиж байна ...

Найман ихэр төрүүлж, 14 хүүхэдтэй болсон Америк эмэгтэй эмээ болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Найман ихэр

2009 онд анх удаа найман ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлсэн хүн гэгдэн олон улсад алдаршиж байсан Америк эмэгтэй ач охинтой болсноо Ням гарагт Инстаграм хуудсаараа зарлажээ.

Одоо 49 настай Натали Сулеман нийт 14 хүүхэд төрүүлсэн эмэгтэй юм.

“Бидэнд ийм сайхан бэлэг өгсөн хүү, бэр хоёртоо баярлалаа. Манай гэр бүл шинэ хүнтэй болж байгаад үнэхээр их аз жаргалтай байна. Бяцхан охиндоо би маш их хайртай, өсөж том болохыг нь тэсэн ядан хүлээж байна! 8/30/24” гэж тэр бичээд ач охиныхоо хөлийн зургийг нийтэлсэн байна. Дурдсан он, сар, өдөр нь охины төрсөн өдөр бололтой.

Сулеман найман ихрээ үр шилжүүлэн суулгах аргаар тээж, кесар хагалгаагаар төрүүлж байжээ.

Зургаан хүү, хоёр охиндоо тэр Библийн сударт дурдагддаг хүмүүсийн нэрсийг өгсөн юм. Үүнээс өмнө Сулеман зургаан хүүхэдтэй байсны дөрөв нь хүү, хоёр нь охин байжээ.

Аль хүүгийнх нь хүүхэд төрсөн талаар тэр бичээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд Сулеман сошиал хуудсаа идэвхтэй хөтөлж, 14 хүүхэдтэй эхийн амьдралын зах зухаас дагагчдадаа сонирхуулдаг байсан юм.

Энэ оны нэгдүгээр сард тэр найман ихрийнхээ 15 насны төрсөн өдрийг тохиолдуулан тэдний гэрэл зургийг нийтэлж байжээ.

 

Эх сурвалж: US News