Уншиж байна ...

Израилийн агаарын цохилтод 492 хүн амь үрэгдсэний 35 нь хүүхдүүд байсныг Ливаны эрх баригчид мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Израилийн арми Хезболла зэвсэгт байгууллагын эсрэг агаарын томоохон довтолгоо явуулах үеэр 492 хүн амь үрэгдсэний 35 нь хүүхдүүд байсныг Ливан улсын эрх баригчид мэдээлжээ.

Энэхүү ажиллагааны өмнө Израилийн тал Ливаны өмнөд нутгийн ард иргэдэд аюулгүй газарт нүүхийг анхааруулж байсан юм.

“Израилийн дайн та нарт хамаагүй, энэ бол Хезболлагийн эсрэг юм. Удаан хугацааны турш Хезболла та нарыг бамбай болгон ашигласаар ирлээ” гэж Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн Ливаны ард иргэдэд цацсан видео мэдэгдэлд өгүүлжээ.

Мэдэгдлийн дараа Израильтай хил залгаа Ливаны өмнөд нутгаас хүмүүс явганаар болон автомашин, ердийн хөсөг ашиглан нүүж эхэлсэн юм.

Гэвч иргэдийн зарим хэсгийг нүүн шилжиж амжаагүй байхад Израилийн агаарын цохилт эхэлсэн байна.

зураг
 

Нүүдэллэж ирсэн иргэдийг түр байрлуулах 89 хоргодох байр нээгээд байгааг Ливаны хямралын хариу арга хэмжээг хариуцсан сайд Нассер Яссин мэдээлжээ.

Газын зурваст Палестины Хамас зэвсэгт байгууллагын эсрэг дайн эхлүүлснээсээ хойш бараг нэг жилийн дараа Израилийн эрх баригчид цэргийн хүчээ Ливантай залгаа хойд хил дээрээ төвлөрүүлээд байна.

Өнгөрсөн хугацаанд Ливанд үйл ажиллагаа явуулдаг Хезболла байгууллага Хамасыг дэмжих зорилгоор Израилийн нутаг дэвсгэрт байнга пуужингаар довтолж байсан юм.

Өчигдрийн ажиллагаагаар Ливаны өмнөд, зүүн, баруун бүс дэх Хезболлагийн байрлалуудад цохилт өгснөө Израилийн тал мэдээлжээ.

Энэ үеэр 35 хүүхэд оруулаад 492 хүн амь үрэгдэж, 1,645 хүн шархадсаныг Ливаны эрүүл мэндийн яам мэдээлсэн юм.

Үүнийг 1975-1990 оны иргэний дайнаас хойш тус улсад гарсан хамгийн олон хохиролтой нэг удаагийн халдлага гэж Ливаны албаны хүн дүгнэжээ.

Өчигдрийн ажиллагааныхаа үр дүнг танилцуулахдаа Израилийн батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Энэ өдөр бид хэдэн арван мянган пуужин, өндөр нарийвчлалтай зэвсгийг устгалаа. Ливаны Хоёрдугаар дайнаас хойших 20 жилийн хугацаанд Хезболлагийн бий болгосон бүх зүйлийг Израилийн зэвсэгт хүчин устгалаа” гэж мэдэгдсэн байна. Өчигдөр Хезболлагийн нийт 1,300 орчим байг устгасныг тэр баталсан юм.

Саудын Араб улс үүссэн нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд дайтагч талуудад хурцадмал байдлаа намжаахыг уриалжээ.

Өчигдрийн цохилтын нэг бай нь Хезболлагийн өмнөд фронтын командлагч Али Караби байсан гэнэ.

Түүний байрладаг Бейрут хотын өмнөд захын байгууламжид довтолсон байна. Караки аюулгүй газарт шилжсэн, эсэн мэнд байгааг Хезболла сүүлд мэдээлжээ.

Харин өмнөд Ливаны нутагт байрлаж байсан Хезболлагийн өөр нэг командлагч Махмуд аль Надер агаарын цохилтод өртөж, амиа алдсан байна.

Ажиллагааг эхлэхээс өмнө Израилийн тал өөрийн хойд хил дагуу нутгаас 60,000 орчим энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Өчигдрийн агаарын довтолгооны хариуд Хезболла хэдэн арван пуужинг Израилийн хойд нутаг руу харвасан байна.

Энэ үеэр Хайфа зэрэг Израилийн хойд бүсийн хот суурин газруудад агаарын түгшүүр зарлажээ.

Израилийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногоос Ливан дахь Ираны холбоотон Хезболла байгууллагын эсрэг ажиллагаануудаа эхлүүлсэн юм.

Тухайлбал Хезболлагийн дотоод хэрэгцээндээ ашигладаг пэйжерүүд, радио холбооны станцууд хоёр өдөр дараалан дэлбэрсний улмаас 37 хүн алагдаж, хэдэн мянган хүн шархдаж байв.

Уг ажиллагаануудын дараа Ойрх Дорнодод өргөн хэмжээний дайн дэгдэж, Израилийн холбоотон АНУ, Хезболлагийн холбоотон Иран улсууд татагдан орох эрсдэл улам нэмэгдэж байна.

Израил, Хезболлагийн хоорондын өмнөх дайн 2006 онд нэг сарын хугацаанд үргэлжилж байжээ. Үүний дараа Ливан улсын эдийн засаг гүн хямралд унасан юм.

 

Эх сурвалж: Reuters