Уншиж байна ...

Ө.Мөнхчулуун: Уламжлалт хүнсээ залуус, хойч үедээ ойлгуулж, хадгалж авч үлдэх зорилгоор “Халбага шар тос”-оо гаргасан

ikon.mn
2 цаг 20 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Пропел” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Халбага шар тос” брэндийн үүсгэн байгуулагч Ө.Мөнхчулуунтай ярилцлаа.

-Анх энэхүү бүтээгдэхүүнийг хийх шаардлагыг юу гэж харсан бэ?

-Малчин айл шар тосыг уламжлалт аргаар гаргаж авдаг. Тэр баялгийг хот суурин газарт амьдарч буй залуучуудад, хөдөө явах боломжгүй, органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг хүмүүст хөдөө нутагт гарган авч буй хэлбэрээр бүтээгдэхүүнээ хүргэх зорилготой. Уламжлалт хүнсийг орчин үеийн арга технологи ашиглан, эрүүл аюулгүй нөхцөлд савлаад гэрийнхээ доод талын дэлгүүрээс шууд авах боломжтой.  Ерөнхийдөө хөдөө явахгүйгээр малчны хотноос шууд авч байна гэсэн үг юм. Маш олон малчин энэхүү шар тосыг гаргаж авах гэж хөдөлмөрлөж байгаа. Уламжлалт хүнсээ залуучууд, хойч үедээ ойлгуулж, хадгалж авч үлдэх, өдөр тутмын хэрэглээ болгох тэр соёлыг түгээхэд оршиж байгаа ажил юм.

Шар тос гэхээр л өндөр настай хүний хэрэглэдэг зүйл гэж боддог. Тиймээс шар тосыг орчин үеийн хэллэгт оруулаад шинжлэх ухаанчаар ашиг тусыг нь тайлбарлаад өгвөл залуучууд маань ч илүү ашиглах байх. Гэхдээ сүүлийн үед  ач тусыг нь илүү ойлгож өдөр тутамдаа хэрэглэдэг болсон байна лээ.

-Шар тосыг нэг удаагийн халбага ашиглан зах зээлд нийлүүлье гэдэг санаагаа хэрхэн олсон бэ?

-Том хэмжээтэй хөлдүү шар тосноос өдөрт нэг халбаганы хэмжээтэйг авах хэрэг гардаг байсан юм. Том хэмжээтэй учир авахад их бэрхшээлтэй. Эндээс л яагаад нэг удаагийн савлагаатай байж болохгүй гэж бодсон. Тэгээд энэ санаагаа хөгжүүлээд ямар савлагаатай байх вэ гэдэг судалгаагаа хийж эхэлсэн.  Ууттай кофе хэрэглэхэд заавал хутгах зүйл шаардлагатай болдог шиг шар тосоо аягандаа хийсний дараа хутгах шаардлагатай үүснэ шүү дээ. Тиймээс халбаганд савлаад ууталчихвал яг тухайн үеийн хэрэгцээг хангаад өгч байгаа юм. Ерөнхийдөө бодит эрэлт хэрэгцээнээс үүдэж энэхүү бүтээгдэхүүний концепт бий болсон. Зах зээл, зардал, хэрэглэгчийн судалгаа зэрэг маш олон төрлийн судалгааг хийсний үндсэн дээр бүтээгдэхүүний өнгө, төрх бэлэн болж, худалдаанд гарсан юм.

Манай бүтээгдэхүүн худалдаанд гарсан даруйдаа иргэдийн таашаалд 100 хувь нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан. Иргэд маш таатай хүлээн авч хэрэглэсэн. Хэрэглэгчийн нэг жижиг асуудлыг шийдэж чадсан нь манай бүтээгдэхүүнийг шууд хүлээн авах боломж бүрдсэн гэж ойлгож болно.

зураг
 

-Таны хувьд ямар мэргэжилтэй вэ?

-Маркетинг, эдийн засагч мэргэжилтэй. Бүтээгдэхүүн амжилттай зах зээлд нэвтрэхэд мэргэжил маань их тус болсон. Маркетингийн мэргэжил гэдэг нэг талдаа хүний зан төлөв, хүсэл, сонирхлыг судална. Тэр хүндээ таарсан бүтээгдэхүүнийг ямар арга замаар яаж худалдах вэ гэсэн асуудлыг судалдаг юм. Харин эдийн засаг нь хамгийн үр ашигтайгаар иргэдэд хэрхэн хүргэхийг тооцоолно. Аяганд хийсэн зүйлээ хутгах гэсэн хэрэгцээг илүү боловсруулж нэг удаагийн савлагаа хийх нь жижиг ч гэсэн хүнд аз жаргалтай мэдрэмж өгөх юм байна гэдэгт тулгуурласан.

Бидний амьдралын хэв маяг маш завгүй, ачаалалтай, стресстэй байдаг шүү дээ.  Нэг ч гэсэн хүний хэрэглээг нь хялбарчлаад өгчихвөл маш их сэтгэл хангалуун болно. Заавал хөлдүү шар тостой зууралдахгүйгээр авч явахад хялбар, ажил руугаа эсвэл цүнхэндээ аваад явахад тохиромжтойгоор хийсэн нь энэхүү хос мэргэжлийн давуу тал оршиж байгаа юм.  Маш бага өртгөөр эхлүүлсэн бизнес одоо маш их өргөжжээ.

-Дархлааны системд шар тос маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа бий юу?

-Шар тосны ашиг тусыг ардын уламжлалт эмчилгээний номд нэлээд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Сүүлийн үед хүмүүс ашиг тусын талаар их сонирхох болсон. Дэлхий нийтийн чиг хандлагын хувьд дурдвал 2023 онд шар тосны борлуулалт 54 тэрбум ам.доллар буюу 170 гаруй их наяд төгрөг болсон байна лээ. Олон улсын байгууллагууд энэ тоог ойрын 10 жилдээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа талаарх судалгааг хийсэн. Өндөр хөгжилтэй Европ, Хойд Америкийн орнуудад эрүүл, органик хүнсийг илүүд үздэг чиг хандлага давамгайлсан байна. Жишээлбэл, Үнээний хоол тэжээл, бордоо нь юу байх вэ гэдэг зүйл гарч ирнэ. Бордоогоор бордсон тэжээл идэж байна уу, байгальд ургасан өвс идэж байна уу гэдгийг их хардаг болсон. Тиймээс хүмүүс эрүүл мэндэд тустай органикийг нь сонгодог.

Шар тос А, Е, К, D аминдэм, антиоксидантаар баялаг. Омега3, омега6 зэрэг маш олон төрлийн тосны хүчлийг өөртөө агуулдаг.

-Тухайлбал...?

-Европын өндөр хөгжилтэй орнууд мартах санах алцхеймэр өвчинд шар тосонд байдаг тосны хүчлийг зөвлөдөг. Тэгэхээр шар тос нь тархины эд эсийн нөхөн төлжилтөд эерэг нөлөөтэй болж байгаа юм. Шар тосыг хэрэглэснээр алцхеймэр өвчин тусах магадлал бага болж байгаа хэрэг. Найрлагад байдаг тосны хүчлүүд нь зүрх судасны өвчин, хүний биеийн дарлааг дэмжих, бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах зэрэг эерэг нөлөөтэй. Үүнээс гадна турах зорилготой, биеийн тамираар хичээллэж байгаа хүмүүст шар тос хэрэглэхийг зөвлөдөг. Олон улсын байгууллагаас зөвлөж буй нь эрүүл мэндийн хувьд чухал үүрэг оролцоотойг нотолсон гэсэн үг.

Эрт үеэсээ л өглөө босохдоо шагайн чинээ шар тос идээд гараарай гэдэг байсан. Энэ нь хий, хуян хөөрөх зэрэг зүйлээс сэргийлдэг. Эерэг нөлөөтэй гэдэг олон улсад нотлогдоод байгаа зүйлийг монголчууд эртнээс өвлөж, ирээдүй хойчдоо зааж сургаад явж байжээ.

зураг
 

-Сарлагийн шар тосны онцлогийг дурдвал?

-Манайх сарлагийн шар тосыг ашигладаг. Сарлаг гэдэг амьтан хамгийн багадаа 1600 метрээс дээш өндөрт амьдардаг. Амьдралынх нь онцлогоос хамаарч үр төлөө тэжээхдээ илүү өндөр шим тэжээлтэй сүүгээр бойжуулдаг. Сүүний тосны агууламжийн хувьд энгийн үнээ 3-5 хувь байхад  сарлагийнх 7-10 хувийн тослогтой байдаг.  

-Хэдэн насныхан илүү худалдан авч байгаа вэ. Судалгаа бий юү?

-Эмэгтэйчүүд ихэнхдээ худалдан авдаг. Өөртөө анхаарч эхэлж байгаа, ашиг тусыг нь мэддэг иргэд худалдан авч байна. Насны хувьд 25-аас дээш насныхан бий. Харин ахмадуудын хувьд бол эрт үеэсээ л шар тосны ашиг тусыг ойлгочихсон хэрэглээд заншчихсан. Одоо ч өдөр тутамдаа хэрэглэж л байгаа.

зураг
 

-Шар тосны ашиг тусын талаар сөрөг мэдээлэл байдаг шүү дээ. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Аливаа зүйлийг хэтрүүлж хэрэглэвэл буруу. Өдөрт 10 халбага иднэ гэвэл болохгүй шүү дээ. Хамгийн сайн чанартай тосыг хэрэглэхийг зөвлөж байгаа. Харин хэтрүүлж болохгүй. Шар тосны шатах температур гэж байдаг. Шар тос 250 градуст, энгийн тос 170 градуст шатдаг. Тэгэхээр хуурсан, шарсан хоолонд хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Монголчууд ногоо эсвэл мах хуурахдаа шар тосыг ашиглавал хоол хийхэд ямар нэгэн химийн нэгдэл үүсэхгүй. Азийн орнуудад  хоол хийхдээ шар тос ашиглах арга түгээмэл болсон.

-Бүтээгдэхүүний сав, баглааны хувьд ямар процессоор хийгддэг вэ. Хүмүүс энэ талаар их сонирхдог болсон шүү дээ?

-Бүтээгдэхүүний сав, баглааны хувьд бүрэн автомат үйлдвэрлэлийн шугамаар үйлдвэрлэдэг. Халуун хорт бодит цацруулахааргүй, хүний эрүүл мэнд, хүнсэнд тохиромжтой хуванцар халбагыг сонгосон. Халбагандаа шар тосоо хийсний дараагаар хөнгөн цагаан тагаар таглаж битүүмжлээд гадуур нь бохирдлоос хамгаалах уутанд хийж өгсөн. Ингэснээр бүтээгдэхүүнийг бохирдол, ямар нэг зүйлд өртөхгүйгээр иргэд шууд хэрэглэх боломжтой.

-Одоогоор аль аль салбаруудад худалдаалж байгаа вэ?

-Орон нутгийн дэлгүүрүүд болон Улаанбаатар хотод Номин, И-март, GS25, Ханбүргэдэй зэрэг супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалж  байна.  Мөн зах худалдааны төв, бөөний төвүүдэд бий.

-Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцахгүй юу. Гадаадын зах зээлд шар тосны хэрэглээг нэвтрүүлэх бодол байгаа юу?

-Манай байгууллагын томоохон ажлын нэг бол гадаадын зах зээлд нэвтрэх юм.

Органик хүнс, органик бүтээгдэхүүнийг дэлхий нийтээр өөрөөр хардаг болсон. Ойрын зорилгын хувьд БНХАУ руу бүтээгдэхүүнээ гаргах бодол бий.  Ялангуяа Монголчуудын нэг хэсэг болсон Өвөр Монголчуудад зориулсан бүтээгдэхүүн гаргахаар хоёр компанитай гэрээлсэн байгаа. Өвөр Монголчууд манайхтай адил шар тосыг уламжлалт хүнсэндээ хэрэглэдэг. Мэдээж хэрэг малын гаралтай бүтээгдэхүүнийг хил гаргана гэдэг маш өндөр шалгууртай. Зөвшөөрөл авах зэрэг ажлууд дуусаад экспортод гаргах бэлтгэл ажил хангагдсан. Цаашид Европ, Хойд Америкийн зах зээлд нийлүүлэх ажил удахгүй эхлэх байх.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.