Уншиж байна ...

Телеграм компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хуулийн байгууллагад өгдөг боллоо

Т.Давааням, ikon.mn
2 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мессэнжэр платформын Телеграм компани эрх бүхий байгууллагын хүсэлтийн дагуу зарим хэрэглэгчийнхээ IP хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг гаргаж өгдөг болж байгаагаа өчигдөр зарлажээ.

Бодлогын энэ өөрчлөлт нь тус платформыг гэмт хэргийн зорилгоор ашиглахаас сэргийлэх зорилготойг Телеграмын үүсгэн байгуулагч Павел Дуров тайлбарласан байна.

“Телеграмын хэрэглэгчдийн 99.999 хувь гэмт хэрэгтэй ямар ч холбоогүй, 0.001 хувь нь ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулж, платформын нэр хүндийг унагаж, манай бараг нэг тэрбум хэрэглэгчийн эрх ашгийг эрсдэлд оруулж байна” гэж тэр өчигдрийн мэдэгдэлдээ өгүүлжээ.

Ингэснээр хувь хэрэглэгчийн мэдээллийг дээд зэргээр нууцалдаг гэж алдаршсан Телеграм платформын бодлогод том эргэлт гарч байна.

Өнгөрсөн сард Францын эрх баригчид Павел Дуровыг Парис хотын нисэх буудлаас баривчилж байв.

Үүнээс хэд хоногийн дараа прокурорууд түүнийг өөрийн удирддаг платформ дээр “хууль бус үйл ажиллагааг зөвшөөрдөг” гэх хэрэгт буруутгасан юм.

Тухайлбал хүүхдийн садар самуун агуулгатай материал түгээх, хар тамхины наймаа явуулах зэргийг үүнд дурдсан байв.

Дуров өөрөө энэ бүхнийг няцааж байлаа.

Телеграм платформыг мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд худал хуурмаг мэдээлэл, садар самуун материал, терроризмын агуулга түгээх, хар тамхины наймаа явуулах зэрэг хууль бус үйл ажиллагааны үүр уурхай болсон гэж үздэг.

Тус платформ дээр 200,000 хүртэл тооны гишүүнтэй групп үүсгэх боломжтой байдаг нь ийм боломж олгож байгаа.

Харьцуулбал Мета компанийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр платформ ийм группийн гишүүнчлэлийн тоог 1,000-аар хязгаарладаг юм.

Өнгөрсөн сард Их Британийн хотуудад хэт барууны үзэлтнүүдийн дэгдээсэн үймээн самуунд Телеграм гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Украины засгийн газар төрийн албан хаагчдынхаа хувийн төхөөрөмжүүдэд Телеграм ашиглахыг хориглосон юм.

ОХУ-д төрсөн 39 настай Дуров өөрийн бүтээсэн ВКонтакте сошиал платформд эрх баригчдын хяналт, дарамт шахалт нэмэгдсэн шалтгаанаар хэдэн жилийн өмнө эх орноосоо дүрвэж, Франц улсын иргэн болж байв. Тэр бас Арабын Нэгдсэн Эмират Улсын давхар иргэний харьяалалтай юм.

Өчигдрийн өөрчлөлтөөс өмнө Телеграм зөвхөн терроризмтой холбоотой хэргийн сэжигтний хувийн мэдээллийг эрх баригчдад өгөх журамтай байжээ.

 

Эх сурвалж: BBC