Уншиж байна ...

БЗД-ийн 68, 120 дугаар сургуулиудад “Гэр бүл хүүхэд хамгааллын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулжээ

ikon.mn
1 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монголын сайн дурынхны төв нь “Гэр бүл хүүхэд хамгааллын нээлттэй өдөрлөг”-ийг санаачлан 2023 оноос хойш тасралтгүй хийж ирсэн бөгөөд энэ удаа Баянзүрх дүүргийн ЕБ-ын 68 болон 120-р сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгт, БЗД-ийн Эрүүл мэндийн төв, тус  дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэс болон  Хүүхдийн тусламжийн утас 108 төвийн мэргэжилтнүүд оролцож хэлэлцүүлэг хийсэн юм.

Мэргэжилтнүүд, ЕБС-ийн 10-18 насны хүүхдүүдийн дунд хоол боловсруулах замын өвчлөл, мөн гар утас, чихэвч их хэрэглэж байгаатай холбоотой чих, хамар хоолой, мэдрэлийн гаралтай өвчлөл ихсэж байгаа тухай, мөн хүүхдийн гэмт хэргийн зөрчил шөнөөр бус өдрөөр их гарч байгааг эцэг эхчүүдэд анхаарууллаа.

зураг
 
зураг
 

Гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, нөхцөл байдлын мэдээллийг олгох, хэрхэн урьдчилан сэргийлэх болон эцэг эхчүүдийн оролцоог бэхжүүлэх зорилготой уг өдөрлөгийн үеэр “Хүүхэд хамгааллын шинэчлэгдсэн хууль” болон хүүхэдтэй харилцах харилцааны ур чадварын тухай мэдлэг олгож, “Moral dental clinic” шүдний төв эмнэлэг, АШУҮИС-ийн түшиц эмнэлэг “Оculoplastic” нүдний  эмнэлэг, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн эмч мэргэжилтнүүд үнэгүй үзлэг оношилгоо хийж, сайн дурын оюутан залуус хүүхдүүдийн биеийн жингийн индексийг үзсэн байна.

Тодруулбал, дээрх сургууль дээр нүдний мэргэжлийн эмч нар 200 гаруй хүүхдэд үзлэг хийхэд тэдний 20 гаруй нь л нүд нь эрүүл байжээ. Мөн хүүхдүүд өглөөний цайгаа уухгүй гарснаас болж, ходоод гэдэс, нойр булчирхайн өвчлөл ихэссэн, өсвөр насны охидын жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж байгааг онцлон ярьж байлаа.

зураг
 

Гэр бүл, хүүхэд хамгааллын нээлттэй өдөрлөгийг Монголын сайн дурынхны төв өмнө нь Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хүүхэд хөгжил хамгааллын ерөнхий газар, нийслэлийн хүүхэд хөгжил хамгааллын газар, Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын хэлтсүүдийн хамтын ажиллагаа дэмжлэгтэй Ерөнхий боловсролын 7 сургуулийн нийт 3500 гаруй эцэг эх асран хамгаалагчдад зориулан хүүхдийн эрх хамгааллын асуудлаар мэдлэг ойлголт өгөх олон нийтийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хийж байв.

Харин энэ удаа БЗД-ийн Засаг даргын тамгын газраас хамтран ажиллах санамж байгуулан 2024 оны 9 сарын 10-наас эхлэн нийт 10 сургууль дээр энэ өдөрлөгийг хамтран зохион байгуулж байна.

ФОТО: