Уншиж байна ...

Испанид хоёр эмэгтэй Брэд Питтийн нэрийг барьсан луйварчдад нийт $360,000-ыг алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Испани улсын цагдаагийн байгууллага Холливүүдийн од Брэд Питтийн нэрээр их хэмжээний мөнгө луйвардсан таван этгээдийг баривчилснаа өчигдөр буюу Даваа гарагт мэдээлжээ.

Гэмт хэрэгтнүүд жүжигчний нэрийн өмнөөс WhatsApp мессенжэрт үүсгэсэн хаягаараа хоёр эмэгтэйг залилж, нийтдээ 325,000 евро ($360,000) луйвардсан юм байна.

Эхлээд тэд Брэд Питтийн фэн клубийн вэб хуудсаар дамжуулан хоёр эмэгтэйтэй холбоо тогтоож, өөрсдийгөө нэрт жүжигчинтэй ойр байдаг хүмүүс хэмээн итгүүлжээ. Ингээд тэднийг зуучлан холбож өгөхөөр тохирсон байна.

Дараа нь тэд Питтийн нэрийг ашиглаж үүсгэсэн хаягаараа хоёр эмэгтэйтэй харилцаж, янз бүрийн төслүүдэд хөрөнгө оруулах санал тавьжээ.

Испанийн өмнөд бүсийн Андалусиа мужийн нэг эмэгтэй 175,000 евро, хойд бүсийн Баск мужийн нэг эмэгтэй 150,000 еврог ийм замаар алдсан байна.

“Кибер гэмт хэрэгтнүүд хохирогчдыг сошиал хуудсаар нь дамжуулан судалж, тэднийг эмзэг, хайр халамжаар дутсан, сэтгэл санааны хямралтай байдлыг мэдсэн байна.  Брэд Питт өөрөө тэдэнтэй харилцаж байгаа гэдэгт итгэх хүртэл нь хоёр эмэгтэйтэй мессэнжэрээр харилцаж, ятгаж байжээ” гэж Испанийн цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Андалусиа мужаас баривчилсан таван этгээдийн дотор энэхүү луйврын сүлжээг толгойлогч байжээ.

Баривчлах ажиллагааны үеэр тэдний гэрээс хэд хэдэн гар утас, банкны карт, хоёр компьютер, хохирогчдыг итгүүлж, үнэмшүүлэхэд ашигладаг үг хэллэгүүд бичсэн тэмдэглэлийн дэвтэр зэргийг хураасан байна.

Цагдаа нар хоёр эмэгтэйн алдсан мөнгөнөөс 85,000 еврог илрүүлж чаджээ.

 

Эх сурвалж: AFP