Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/364 дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 39,967 ам метр газрыг Америкийн Нэгдсэн Улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Тухайн байршилд шинээр барих АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ус зайлуулах шугам сүлжээний ажлын талаар АНУ-ын Хилийн чанад дахь барилга байгууламжийн үйл ажиллагаа хариуцсан товчоо (Bureau of Overseas Buildings Operations /OВО/)-ны төлөөлөгчидтэй хотын дарга санал солилцжээ.
Энэ үеэр тэрбээр "Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр барих АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт ус зайлуулах шугамын ажил хийхээр төлөвлөсөн. Уг ажлыг хийх явцад аюулгүй байдлаа ханган, улс, нийслэлээс хийж буй бүтээн байгуулалтын ажилд хамтарч ажиллах саналтай байна” гэв.
Ташрамд дурдахад Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 37 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Мөн одоогоос 23 жилийн өмнө Улаанбаатар, Денвер хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосон байдаг.
Улмаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Их тойруугаас доош Сэлбэ голын баруун эрэг дагуу явж Бээжингийн гудамж хүртэлх гудамжийг “Денверийн гудамж” хэмээн нэршүүлсэн түүхтэй.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!