Уншиж байна ...

О.Батхүү: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс тавих шаардлагатай

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 27 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Эвслээс хууль тогтоомжтой холбоотой хоёр асуудлаар улс төрийн үйл ажиллагаа хийх болсон талаар хуульч О.Батхүү өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ талаар тэрбээр "1. Их хурал дээр суудалтай таван нам, эвслээс гурав нь нэг талдаа гарснаар Засгийн Газар, Улсын Их Хурал хоёр нэг болсон. Иймд Үндэсний Эвслийн зүгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг Улсын Их Хурал дахь цөөнх буюу сөрөг хүчнээс зайлшгүй тавих шаардлагатай гэж үзэж байгаа юм. 

Одоогийн байдлаар Ардчилсан Намын гишүүн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байгаа. Ардчилсан Намын дарга Засгийн Газрын гишүүн болсон. Кабинетын зарчим гэдэг бол Ерөнхий сайдын доор ажилладаг хүмүүсийг хэлдэг. Ерөнхий сайдаас өөр үзэл сурталтай бол тус кабинетад байх шаардлагагүй. Иймд Ардчилсан Нам сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэж байгаа учир Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж байгаа. 

"Хуульчилсан дээрмийг Үндэсний Эвсэл хүлээн зөвшөөрөхгүй"

2. 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-т Иргэний хуулийн 343, 395-д заасан ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авна гэх зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт бол дэлхий аль ч улсад байхгүй. 

Энгийн жишээгээ тайлбарлахад 100 айлаас машин аваад лагер руугаа ачаа зөөлгөхөд жолоочид ₮100,000 төлнө гэж бодоход та тэр жолоочийн нийгмийн даатгалын шимтгэл буюу ₮25,000-г улсад төлөх үүрэг хүлээж байгаа юм. 

Нийгмийн даатгалын санг юу ч байхгүй болтол нь хоосолсон. Хариуцлага хүлээсэн хүн байгаа юу? Бидний төлсөн шимтгэлийг өөрсдөө авч идчихээд алдагдлыг нь ард түмнээр төлүүлэх гэж байна. Төлүүлэхдээ зүгээр л энгийн харилцаа дээр буюу нэг хүнд мөнгө өгөөд юм хийлгүүлтэл тэр хүнийхээ нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх хуульчилсан дээрмийг Үндэсний Эвсэл хүлээн зөвшөөрөхгүй. 

Иймд petition.parliament.mn сайт дээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-дахь заалтыг хүчингүй болгох санал гаргаж байгаа юм" гэв.