Уншиж байна ...

Х.Нямбаатар: Шүүхийн шийдвэр гараагүй байвал нийслэлийн төсвийн ₮12.3 тэрбумаар дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин барина

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын хурлаар 2024 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр/2024.09.24/ хийж байна. 2024 оны нийслэлийн төсвийн тодотголд:

  • Улсын төсөвт газар чөлөөлөлтийн зардлыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 100 тэрбум төгрөгийг нэмж тусгах
  • 260 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсныг 19 тэрбум болгож бууруулах
  • Дүүргүүдийн эмнэлгүүдийн суурь зардлыг 2024 оны улсын болон нийслэлийн төсөв хянаагүйгээс өр үүссэн. Энэ өрийг нийслэлийн төсөвт оруулах юм байна. Үүний дараа найм дахь удаагийн НИТХ хаалтын хуралдаанаа хийнэ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дэлбэрэлтэд өртсөн иргэдийн хохирлын асуудал хөндөгдөв.

Төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.4 тэрбум төгрөгийг 2024 оны төсвийн тодотголд тусгаж, буулгана гэж мэдээлж байсан юм. Ирэх оны төсвийн төсөлд барилгыг шинээр барих, оршин суугчдын түрээсийн мөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар тусгасан гэсэн мэдээлэл авсны хурлын протоколд үлдээж баталгаажуулмаар байгаагаа Д.Гантулга төлөөлөгч өнөөдрийн хурлын үеэр хэлэв.

Уг асуудалд хотын дарга Х.Нямбаатар "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн өвөл болсон дэлбэрэлтийн улмаас 207 дугаар байрны суурь, бүтэц гэмтсэн. Энэ чиглэлээр Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар, ШУТИС-ийн барилгын үндсэн хийцлэлийг судалдаг мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласан.

Нэмэлт шинжилгээний хамгийн сүүлийн дүгнэлтээр барилгын үндсэн хийцлэлд өөрчлөлт орсон. Дэлбэрэлтийн улмаас суурь баганын бүтцүүдэд цууралт өгсөн, урвал явагдсан, хүчилтөрөгч нэвчсэн, зэврэлт үүсээд эхэлсэн гэсэн. Бид барилгыг хүчитгэж болно гэдэг хүлээлттэй байсан. Я.Дүйнхэржав багшийн удирдсан баг бүрэлдэхүүн олон удаагийн шинжилгээ, дээж, сорьцуудын эцсийн дүнгээр хүчитгэх ямар ч боломжгүй, тодорхой цаг хугацааны дараа нурах эрсдэл үүснэ гэдэг дүгнэлтийг өгсөн. Ингээд энэ барилгыг нурааж, гэм буруутай иргэн, хуулийн этгээдээр зардлыг гаргуулах, иргэдийг хохиролгүй болгох сонголтод хүрээд байна.

207 дугаар байр нь анхны зураглалаар 66 үл хөдлөхийн гэрчилгээтэй объект байхаар төлөвлөгдсөн байсан ч 67 иргэн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа юм билээ. Миний ойлгосноор техникийн давхарт гэрчилгээ авч 67 иргэн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна.

Тус байрны иргэдтэй уулзаж Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан үнэлгээгээр 1м.кв-ыг 3.5 сая төгрөгөөр үнэлж хохирлыг барагдуулъя гэсэн боловч оршин суугчдын төлөөлөл энэ байршилд, ийм үнээр дахиж үл хөдлөх хөрөнгө авч чадахгүй. Тиймээс бид хүлээе, нураагаад дахин барих хүртэл түрээсийн асуудлыг шийдэж өгөх хүсэлт гаргасан. Энэ дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2025 оны зургаадугаар сар хүртэл оршин суугчдад түрээсийн мөнгийг өгчихсөн байгаа.

207 дугаар байрны хоёр талд сургууль, орон сууцны барилга байгаа учраас нураахад төвөгтэй байршил, тэсэлгээ хийх боломжгүй. Гэхдээ нураалтын тендерийг зохион байгуулахаар ажлын даалгавар боловсруулж байна. Ажлын даалгавар бэлэн болсны дараа тендер зарлаж, өвлийн улиралд ЕБС-ийн сурагчид амарсан үед бага, багаар нураана. Энэ хооронд шүүх хурал болж дуусах байх гэж бодож байна. Буруутай этгээдээс хөрөнгийг гаргуул гэвэл заавал нийслэлийн төсөвт ачааллыг үүрэхгүй.

Хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байвал удахгүй өргөн барих нийслэлийн төсвийн магадлалын төсөлд тусгасан 12.3 тэрбум төгрөгөөр 207 дугаар байрыг дахин барина. Энэ төсвөөр барилгыг барьж дуусгахаар тендер зарлана" гэсэн хариултыг өглөө.