Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг: Сэлбэ дэд төвд орон сууц барих ₮240 тэрбумын төсөвтэй тендерт "Бодь пропертиз" зэрэг дөрвөн компани санал ирүүллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр нээж, хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Нийслэлийн Орон Сууцны Корпорацын/НОСК/ мэргэжилтэн Б.Батзориг "Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайд барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг ажлын 20 хоногт гадаадын этгээд оролцох боломжтой байдлаар 2024 оны наймдугаар сарын 26-нд зарлаж, өнөөдөр 10:10 цагт нээлээ.

Тендер шалгаруулалтыг нийт 13 га талбайн хоёр багцад зохион байгуулсан юм. Нийт төсөвт өртөг 240 тэрбум төгрөг. Тендерийн хоёр багцад тус бүр хоёр, хоёр оролцогч саналаа ирүүлсэн байна.

Нэгдүгээр багц буюу 13га талбайн Чингэлтэй дүүрэг дэх А талбайн барилга угсралтыг гүйцэтгэхээр "Бодь пропертиз" ХХК 119 тэрбум 623 сая 34 мянга 21 төгрөгийн, "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 119 тэрбум 325 сая 942 мянга 539 төгрөгийн саналыг баталгаажуулж ирүүллээ.

Хоёрдугаар багц буюу Б талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр "Чайна констракшн континэнт энд өүшн монголиа" ХХК 111 тэрбум 547 сая 18 мянга 590 төгрөгийн, "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 109 тэрбум 984 сая 886 мянга 174 төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Тендерт оролцогч компаниуд үнийн дүнгийн 0.5%-ийг баталгаанд байршуулдаг. Тендерийн баталгаа ажлын зургаа хоногийн дотор цуцлагддаг зохицуулалттай.

Тендерийн үнэлгээний хороо холбогдох үнэлгээг хуулийн дагуу гүйцэтгэж, ажлын 15 хоногийн дотор шийдвэр гаргана" гэж мэдээллээ.