Уншиж байна ...

Өмнөд Солонгосын засгийн газар нутаг дэвсгэрээ бүтэн тойрсон явган аяллын зам нээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бүтээн байгуулсан явган аяллын зам “Korea Dulle Trail”-ийг өчигдөр буюу Даваа гарагт нээжээ.

4,500 км урт үргэлжлэх уг зам нь тус улсыг хүрээлсэн тэнгисийн эрэг дагуу үргэлжилж, хоёр Солонгосыг заагладаг зэвсэггүй бүсийг (DMZ) бас дайрах юм байна.

Нэг үгээр хэлбэл Өмнөд Солонгосын газар нутгийг бүхэлд нь тойрсон урт зам юм.

Тус улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам болон бусад холбогдох яам агентлагуудын оролцоотой хэрэгжсэн энэ төсөл 2009 онд эхэлж байжээ.

Замын сүүлчийн хэсэг болох DMZ Peace Trail саяхан дууссанаар бүрэн ашиглалтад орж байгаа юм байна.

“Бид энэ замыг бусад улс орнуудын алдартай явган аяллын замуудтай жишихүйц дэлхийн хэмжээний байгууламж болгохыг зорьж байна” гэж Соёл, Спорт, Аялал Жуулчлалын дэд сайд Ён Хо Сон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Явган аяллын замын тухай мэдээллийг “www.durunubi.kr” вэб сайт болон Durunubi гар утасны аппликэйшнээр түгээх юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News