Уншиж байна ...

Сингапурын иргэн Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзжээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол иргэдийг эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэсэн гэх хэрэгт татагдсан Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Лох Сиен Чи нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан...”, тус хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан...” гэмт хэрэгт холбогдсон юм.

Хамгийн сүүлд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Лох Сиен Чи-д оногдуулсан хоёр жилийн хорих, 5.4 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээсэн юм. 

Харин өчигдөр буюу энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Лох Сиен Чид холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баян-Очир, Г.Бадамханд нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн байна. 

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:

  • шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
  • хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
  • эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Хэргийн түүх 

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан”, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 1 жил 8 сар хорих ял оногдуулжээ.

2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Лох Сиен Чи-д оногдуулсан хорих ялыг 15,400,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.  

3. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан" гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. 

4. Улсын дээд шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээс болсны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд хэлэлцээд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” хэрэгт нь 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. 

5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр Лох Сиен Чи болон түүний хоёр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.