Уншиж байна ...

Илон Маск гадуур явахдаа 20 бие хамгаалагч байнга дагуулдаг болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тэргүүн баян гэгддэг Илон Маск сүүлийн үед 20 бие хамгаалагчийг байнга дагуулж явдаг болжээ.

Тэдгээр бие хамгаалагчид хоорондоо харилцахдаа тэрбумтныг “вояажер” (voyager) хэмээх нууц нэрээр нэрлэдэг гэнэ.

Илон Маскийн хувийн хамгаалалтын талаар судалсан Нью-Йорк Таймс сонины нийтлэлд энэ тухай бичжээ.

Бие хамгаалагчдын зарим нь галт зэвсэгтэй, зарим нь эмч мэргэжилтнүүд байдгийг дээрх мэдээнд өгүүлсэн байна.

Блүүмбэрг агентлагийн тооцоолсноор $250 тэрбумын хөрөнгөтэй Илон Маск сүүлийн үед хувийн хамгаалалтаа чангатгаж, үүнд зарцуулах мөнгөө нэмэгдүүлжээ.

Эхэндээ энгийн хүн шиг амьдардаг байсан тэрбээр анх 2014 онд хувийн бие хамгаалагчтай болж байсан гэдэг.

2016 онд түүний хамгаалалтын нэг сарын зардал $163,000 хүрдэг байжээ.

Тэр үеэс хойш хөрөнгийн хэмжээ, нэр хүнд нь нэмэгдэхийн хэрээр хамгаалалтын зардлаа өсгөж ирсэн байна.

Маск бас өөрт учирсан аюул заналын талаар нуулгүй ярьж байсан удаатай.

Энэ оны зургаадугаар сард болсон Тесла компанийн жил тутмын тайлангийн хурлын үеэр тэр сүүлийн хэдэн сарын дотор “хоёр маньяак” амь насанд нь заналхийлсэн тухай ярьжээ.

2022 онд Маск гэрийн хаяг нь нийтэд ил болсны дараа нууцаар өөр байр худалдан авсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Тэр бас хувийн нисэх онгоцных нь аяллыг мөрдөж, хаана байгааг нь байнга мэдээлдэг Х (хуучнаар Твиттер) платформын нэг хаягийг хаахыг оролдож байжээ.

Тесла компанийн санхүүгийн тайлангаас Маскийн хувийн хамгаалалтын зардал 2023 онд $2.4 сая хүрснийг харж болохоор байгаа.

Хамгаалагчид нь түүнийг хаа сайгүй, бүр ариун цэврийн өрөөнд ороход хүртэл дагадаг гэсэн мэдээлэл бий.

Маскийн аав Эррол хүүг нь 100 бие хамгаалагч дагасан ч аюулгүй байдалд нь санаа зовж явдгаа саяхан хэвлэлд ярьж байв.

Хүү нь эцгийнхээ Өмнөд Африкт байдаг гэрийн харуул хамгаалалтыг бас чангатгаж, камерын систем, цахилгаан гүйдэлтэй хашаагаар тоноглож, байнгын харуултай болгосон тухай Эррол ярьжээ.

Технологийн бусад томоохон компаниуд ч удирдлагынхаа аюулгүй байдалд их хэмжээний мөнгө зарцуулдаг болоод байгаа.

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Закербэргийн 2023 оны хувийн аюулгүй байдал, аяллын зардалд Мета компани $24 саяыг зарцуулсныг санхүүгийн тайланд нь дурджээ.

Apple компани 2023 онд гүйцэтгэх захирал Тим Күүкийн хувийн хамгаалалтад $820,309, аялал, хувийн нисэх онгоцны зардалд $1.6 саяыг зарцуулсан байна.

Тесла компани бусад захирлуудынхаа хамгаалалтад ч бас мөнгө зарцуулдаг болсон юм.

Тухайлбал тус компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч Закари Киркхорн $300,000-ийг биткоин хэлбэрээр төлөхгүй бол амь насанд нь халдах сүрдүүлэг хүлээн авсны дараа хамгаалалтаа чангатгах арга хэмжээ авч байжээ.

2022-2023 оны хооронд Теслагийн төв байрнаас 911 дугаарт таван удаа “террорист сүрдүүлэг” хүлээн авсан тухай мэдэгдэл ирж байсан байна.

 

Эх сурвалж: Business Insider