Уншиж байна ...

Крымийг Украинд буцаах талаар Эрдоганы ярьсантай санал нийлэхгүй байгаагаа Кремль мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт болсон нэгэн арга хэмжээний үеэр Турк улс Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихийг тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган илэрхийлсэн юм.

Ингэхдээ тэр 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд хүчээр орсон Крымийн хойг олон улсын хууль дүрмийн дагуу Украины газар нутагт багтах ёстойг хэлсэн байна.

Тэгвэл Баасан гарагт Орос улс Эрдоганы байр суурьтай санал нийлэхгүй байгааг Кремлийн хэвлэлийн алба илэрхийлжээ.

Эрдоганы хэлсэн үгийн талаар асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Крымийн сэдэв нь бид болон манай Турк найз нөхдийн дунд байдаг санал нийлдэггүй асуудлуудын нэг юм” гэж хэлсэн байна.

“Энэ асуудлаар бид огт өөр үзэл бодолтой байгаа. Үүнтэй зэрэгцэн бид Туркийн найз нөхөд, түншүүддээ өөрийн байр суурийг тайлбарлах боломжийг алдах ёсгүй гэж бодож байна” гэж тэр бас хэлжээ.

Эрдоган ингэж ярих болсон шалтгааныг АНУ-ын дарамт шахалттай холбоотой гэж бодож байгаагаа Песков бас илэрхийлсэн юм.

“АНУ үнэхээр эдийн засагт нь сөрөг үр дагавартай арга хэмжээ авахаар Турк улсыг ичгүүр сонжуургүйгээр дарамтлан сүрдүүлж байгаа. Тиймээс бид үүнийг АНУ-ын дарамтыг намжаах гэсэн оролдлого гэж үзэж байна” гэж тэр тайлбарлажээ.

Энэ долоо хоногт Кремлийн хэвлэлийн алба ерөнхийлөгч Путиний Турк улсад хийх айлчлалын бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаагаа мэдэгдэж байв.

НАТО-гийн гишүүн Турк улс хоёр жил, хагас орчим хугацаанд үргэлжилж буй Орос-Украины дайны үеэр дайтагч талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал Украины үр тарианы экспортыг Хар тэнгисийн замаар зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Энэ оны долдугаар сард Казахстанд уулзахдаа Эрдоган дайныг энхийн гэрээгээр дуусгахад зуучлах санал тавьсныг Путин хүлээж аваагүй юм.

 

Эх сурвалж: Reuters