Нийгмийн харилцааг хуулиар зохицуулдаг бөгөөд хууль бол эрх зүйн үр дагавар бүхий, бүх нийтээр дагаж мөрдөх, парламентаас батлан гаргадаг дүрэм журам юм. Хуулийг гагцхүү парламентаас баталдаг бөгөөд үүнийг манайд Үндсэн хуульд хууль батлах “онцгой бүрэн эрх” гэж заажээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорь дугаар зүйлд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ 1) хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасан байдаг. Ингэснээр хууль батлах бүрэн эрхтэй төрийн дээд байгууллага нь ард түмний эрх мэдлийг хэрэгжүүлэгч парламент юм.
Өнөөдөр Монгол Улсад 400 гаруй хуулиас гадна 2,780 журам үйлчилж байна. Эдгээр журам нь хуулийн адил хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бөгөөд гол төлөв салбарын яам, агентлаг, засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэх зэрэг төрийн байгууллага, албан тушаалтнууд батлан гаргадаг. Эдгээрээс хамгийн ихээр жин дарж буй нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан журмууд байна (36 хувь эзэлж буй). Эрх зүйн тогтолцоонд журмын тоо ийнхүү жин дарж буй нь хэд хэдэн шалтгаантай үүсэж байна.
Нэгдүгээрт, хуулиуд ерөнхий гардаг буюу процессын шинжтэй зохицуулалт нь дутмаг байгаагаас үүнийг байгууллагууд журмаар нөхөж зохицуулах шаардлагатай болдог.
Хоёрдугаарт, төрийн байгууллагад журам батлах эрхийг хуулиар олгохдоо хүрээ хязгаарыг тодорхой зааж өгөөгүйгээс хэм хэмжээ тогтоосон журмыг дур зоргоор “үйлдвэрлэх” болсон. Тухайлбал, Боловсролын ерөнхий хуулиар 40, Татварын ерөнхий хуулиар 28, Төрийн албаны хуулиар 24, Хүүхэд хамгааллын тухай хуулиар 30 гаруй журам батлах эрхийг хуулиар төрийн байгууллагад олгосон байна. Ингэснээр, нэг талаас хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй парламентын бүрэн эрхэд захиргааны байгууллага халдах нөхцөл байдал үүсэж байна. Нөгөө талаас, хамгийн ноцтой нь захиргааны байгууллага нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг дур зоргоор тогтоох нь ийнхүү нэмэгдсэн нь хүний эрхийн зөрчил нэмэгдэхэд хүргэж байна. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэсэн нь хүний эрхийг сахин хамгаалахад тавигдаж буй хуулийн онцгой өндөр босго гэж ойлгож болно. Хүний эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах бөгөөд журмаар халдах боломжгүй нь Үндсэн хуулийн зарчим юм. Гэтэл өнөөдөр журмаар хүний эрхийг хязгаарлах үйлдэл ихэд түгээмэл болсон нь засах ёстой гажуудал мөн.
Мэдээж нийгмийн бүх харилцааг заавал хуулиар зохицуулах боломжгүй байдаг. Тийм ч учраас манай Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 3-н “Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно” гэсэн заалтын дагуу төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх, хэм хэмжээ тогтоосон акт буюу журам батлах эрхийг хуулиар шилжүүлэх боломж бий.
Улмаар Захиргааны Ерөнхий хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулиар УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх олгосон дагуу захиргааны хэмжээ тогтоосон акт гарах нөхцөлийг тодорхойлж өгсөн. Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь Захиргааны ерөнхий хуулиар “хуульд нийцсэн байх, хуулиар тусгайлан эрх олгогдсон байх, хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн шаардлагад нийцэх ёстой бөгөөд үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянан үзээд, хэм хэмжээний актад бүртгэснээр уг журам хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Төрийн байгууллагууд дур зоргоор журам батлахын дээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, бүртгүүлэхгүй байх тохиолдол гарсаар байдаг байна.
Бас нэг зайлшгүй хөндөх асуудал бол хуулийн төслийг өргөн барихдаа дагаж гарах журмын төслүүдээ хамт өргөн барих бүрдүүлбэрийн шаардлагыг Хууль тогтоомжийн хуулиар илүү нарийвчилж тусгах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн хамтаар дагаж гарах журмуудын төсөл өргөн баригдаагүй бол бүрдүүлбэр дутуу гэж буцаадаг болох нь чухал холбогдолтой юм. Хууль тогтооч хэн, ямар байгууллага ямар журам гаргах гэж байгааг хуулийн төслөөс харах боломжтой болох төдийгүй олон нийт ч энэ талаар ойлголт мэдээлэлтэй болно. Хууль төдийгүй журам боловсруулах ажиллагааны ил тод байдал нэмэгдэнэ. Оролцоо нэмэгдэнэ, хяналт нэмэгдэнэ гэсэн үг. Хууль батлагдсаны дараагаар дур өөр журам батлаад байх явдал хаагдана гэж бодож байна.
Дээрх нөхцөл байдлаас харвал юуг хуулиар, юуг журмаар зохицуулах талаар илүү нарийвчилсан шалгуур, хүрээ хязгаарыг хуулийн төсөл боловсруулахдаа мөрдөх талаар Хууль тогтоомжийн хуульд заах хэрэгцээ шаардлага нэгэнт бий болжээ. Нийгмийн амьдралыг, тэр тусмаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой суурь харилцааг хуулиар зохицуулах хүрээ, хязгаарыг тогтоох нь хүний эрхийг хамгаалахад онцгой ач холбогдолтой юм. Ингэснээр захиргааны албан тушаалтны дур зоргоор журам батлах, өөрчлөх нь ч багасна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хэм хэмжээ тогтоосон бол хуулиар зохицуулах, процессын шинжтэй зохицуулалтыг хуульд тусгах, эрх олгосон бол хуулиар зохицуулах гэсэн шалгуурыг хуульчлах боломжтой. ХБНГУ-д хуульд журам батлах эрх хэмжээг төрийн байгууллагад олгож байвал түүний “агуулга, зорилго, цар хүрээг” харьцангуй тодорхой зааж өгөх ёстой байдаг байна. Суурь шинжтэй асуудлыг хууль тогтоогч өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд авч шийдвэрлэдэг.
Үүний үр дүнд яах вэ? Хууль тодорхой, ойлгомжтой болж, хэрэгжилт сайжирна. Хүний эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!