Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Энэ үеэр боловсролын салбартай холбоотой сэтгүүлчдийн асуултад тэрбээр дараах хариултыг өгсөн юм.
-2024-2025 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудаа хэрхэн яаж шийдвэрлэх вэ?
-Гурван ээлжээр хичээллэж буй 10 сургууль байна. Эдгээрийн
Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөө гарлаа. Энэ төлөвлөгөөнд бүх сургуулийг хоёр ээлжээр оруулна гэсэн зорилт тавьсан.
-Хэдий болтол түрээсийн байр хайх вэ. Хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн яаж тохирч байгаа юм бэ?
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд яригдаж байгаа ажлууд бий.
Хоёрдугаарт ашиглалтад бүрэн ороогүй сургуулиудыг гүйцээх талаар нийслэлийнхэнтэй ярилцаж байна. Жишээлбэл 62 дугаар сургуулийн барилгын өргөтгөл нь дөрвөн жилийн турш гүйцээгүй байсан.
Одоо нийслэлийн төсвийн тодотголоор батлагдаад арванхоёрдугаар сард ашиглалтад орж дуусна гэж байгаа.
-Боловсролын яамны зүгээс төсвийн реформд хэрхэн яаж ажиллах юм бэ?
-Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг эцэг, эх нь хуваалцаж төлнө гэсэн заалтыг бид хэрэгжүүлнэ. Энэ бол төсвийн реформ юм.
Мөн шинээр баригдаж буй барилгуудад сургуулийн харуул, манаач, цахилгаанчин, мужаан зэрэг ажилчид ажиллана. Нийтлэг үйлчилгээ үзүүлэх ажлыг хувийн хэвшилтэй гэрээлж гүйцэтгүүлэх шинэчлэлийг 2025 оны төсвөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан.
190 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Үүнийг дуусгах зорилго тавьж байгаа.
2025 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй 11 барилга, нэг дотуур байрыг шахаж ашиглалтад оруулна. Ингэснээр 15,000 хүүхэд суралцах боломжтой болж байгаа.
Тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга таван жил үргэлжилсэн асуудал бий. Бид тухайн сургуулийн газар дээр нь очиж ажилласан. Үүний үр дүнд өнөөдрийн гүйцэтгэл 99 хувьтай үргэлжилж байгаа. Хариуцлагагүй ажиллаж буй Аж Ахуйн Нэгжүүдтэй тооцоо бодох, хариуцлага тооцох, ажлыг нь дуусгах талд анхаарч ажиллаж байна.
-Элсэлтийн Шалгалтад амжилттай оролцсон хүүхдүүдэд 1-3 саяын урамшуулал олгож байгаа мөртлөө сумын Засаг даргад нь хоёр дахин их буюу долоон сая төгрөгийг хувийн дансанд шилжүүлж байна гэх асуудал бий. Энэ тал дээр салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Говь-Алтай аймагт үүссэн энэ асуудлын мэдээг харсан. Орон нутгийн өөрийн төсвөөр шийдэж байгаа асуудал учир орон нутаг өөрсдөө л шийднэ.
Хувийн бодлоо дурдвал шагналыг хамаагүй хавтгайруулж болохгүй. Элсэлтийн Шалгалтын амжилт бол багш, сурагчдын хамтын ажиллагаа. Дарга нар өөрөө өөрсдийгөө хавтгайруулан шагнаж буй явдлыг ойлгоход хүндрэлтэй байна. Энэ бол орон нутгийн өөрийнх нь асуудал гэдгийг дахин хэлье.
Боловсролд санаа тавьдаг Засаг дарга нарын удирдаж байгаа аймаг, суманд Элсэлтийн Шалгалтын амжилт өндөр байдаг. Тиймээс тэдний оролцоо тодорхой хэмжээнд байгаа гэсэн үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!