Уншиж байна ...

Apple компанийн AirPods чихэвч сонсголын хэрэгслийн үүрэг гүйцэтгэх боломжтой болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт болсон шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний үеэр Apple компани AirPods Pro 2 чихэвч нь сонсголын хэрэгслийн (сонсголын аппарат ч гэдэг) үүрэг гүйцэтгэдэг болж байгааг зарласан байна.

2022 онд анх зах зээлд танилцуулагдаж, 2023 онд шинэчлэгдсэн уг бүтээгдэхүүн энэ намар гарах программын шинэчлэлтийн дараа “Hearing Aid” функцтэй болох ажээ.

2022 онд АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг Эрхлэх Газар эрүүл мэндийн үзлэг оношилгоо шаардалгүйгээр шууд худалдан авах боломжтой сонсголыг дэмжих хэрэгслийн шинэ ангилал нээж байсан юм.

Apple-ийн чихэвч энэ ангилалд багтах шаардлагыг хангаж байгаа юм байна.

Өнөөдөр дэлхий даяар сонсголын бэрхшээлтэй 1.5 тэрбум хүн амьдардаг гэсэн тоог Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага гаргасан байдаг.

AirPods Pro 2 чихэвчний худалдах үнэ $249 юм. Тэгвэл ижил ангиллын сонсголыг дэмжих хэрэгслүүд $99-$3,000 орчим үнэтэй зарагддаг.

Уг бүтээгдэхүүний “Hearing Aid” функц нь хүмүүсийн яриа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу, утасны яриа зэргийг илүү тод сонсгох чадвартайг Apple мэдээлжээ.

Шинэ функц энэ намар зах зээлд гарах программын шинэ хувилбараар дэлхийн 100 гаруй улсад нэвтрэх гэнэ.

Гэхдээ энэ функц нь хөнгөнөөс дунд зэрэг хүртэл сонсголын бэрхшээлтэй хүмүүст үр дүнтэй бол хүнд нөхцөлтэй хүмүүст нөлөөлөхгүй байж болзошгүйг Apple анхааруулжээ.

 

Эх сурвалж: Business Insider