Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Зээлээр дотоодод суралцаад эргэн төлөөгүй бол дипломоо хураалгаж, хар жагсаалтад ордог, харин гадаадад суралцсан хүмүүсийн араас хэн ч хөөцөлддөггүй"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар санал хэлэв.

Тэрбээр “Бид энэ сангийн гадаад зээлд их ач холбогдол өгөөд байгаа. Гэхдээ Боловсролын зээлийн сангийн сүүлийн 30 жилийн санхүүжилтийг нийт дүнг нь аваад үзэх юм бол бараг 70 хувь нь дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад зарцуулагдсан байдаг. Нийт зээлийн 30 хувийг гадаад зээлд буюу 3,000 хүүхдэд олгосон. Харин дотоодын зээлийг би буруу санаагүй бол бараг нэг сая суралцагч авсан байдаг.

Хамгийн том асуудал нь хоорондын ялгаатай зүйл байна. Дотоодын нэг суралцагч жилд дунджаар дөрвөн сая төгрөг гэхээр дөрвөн жилийн хугацаанд 16 сая төгрөг авч байгаа. Тэр хүүхэд зээлээ буцааж төлөхгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулна, дипломыг нь хураана. Өнөөдөр Боловсролын зээлийн санд бараг 15 мянган диплом хураалттай байгаа. Дипломыг нь хураачхаад тэр хүүхдийг яаж мэргэжлээрээ ажилла, яаж зээлээ төл гэх юм.

Дотоодын зээлд ингэж хандчихаад гадаадад зээлээр суралцсан хүмүүсийн араас хөөцөлддөггүй, араас холбогддог ч үгүй. Монголбанкны зээлийн мэдээллийг санд ч оруулдаггүй.

Үндэсний аудитын даргын мэдээлэлд энэ асуудлыг дурдаж байх шиг байна. Гадаад суралцахаар зээл аваад эргэж төлөөгүй бол дотоодын зээл аваад төлж чадаагүй суралцагчтай адил зээлийн мэдээллийн санд орох ёстой гэдэг асуудлыг хөндсөн гэж ойлголоо. Ингэх ёстой. Энэ нь өөрөө шударга ёс. Яагаад одоо болтол ялгаваргүй байдлыг алга болоогүй байгааг гайхаж байна.

Мөн Боловсролын зээлийн санд хураалттай байгаа 15 мянган дипломыг яах вэ. Тэр дипломуудыг хурааж яг яах гэж байгаа юм бэ. Үүнийг шийдэх ёстой.

Гэтэл аудитын дүгнэлтэд дурдсанаар гадаадад суралцсан нийт 10 тэрбум төгрөгийн авлагатай 148 зээлдэгчтэй холбогдож чадаагүй гэж байна. Энэ хүмүүсийн араас хэн ч хөөцөлдөхгүй байгаа. Энэ ялгавартай хандлага л олон нийтийн дургүйцлийг маш их хүргэж байна” гэлээ.