ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нохойг нь хамт оршуулах Алэн Делоны гэрээслэлийг түүний гэр бүлийнхэн биелүүлэхээс татгалзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт нас барсан Францын кино урлагийн домогт жүжигчин Алэн Делон хайртай нохойгоо унтуулж, өөртэй нь хамт оршуулахыг захиж байжээ.

Гэвч амьтны эрхийг хамгаалагчдын эсэргүүцлийн дараа жүжигчний хүүхдүүд эцгийнхээ гэрээслэлийг биелүүлэхээс татгалзсан байна.

Ням гарагт 88 насандаа таалал төгссөн алдарт жүжигчин бельгийн малиноис үүлдрийн Лубо нэртэй 10 настай нохойгоо “унтуулж”, Души тосгон дахь гэр бүлийнх нь оршуулгын газарт хамт оршуулахыг захиж байжээ.

Гэвч эрүүл саруул амьтныг эвтаназийн аргаар унтуулахыг амьтны эрхийг хамгаалагчид эсэргүүцэж эхэлсэн юм.

Мягмар гарагт Делоны охин Анушка нохойг амьд үлдээхээр шийдсэнээ дуулгасныг “Briggitte Bardot Foundation” сан мэдээлжээ.

“Анушка Делон дөнгөж сая надтай утсаар ярихдаа Лубо гэр бүлийнх нь нэг гишүүн болж үлдэхээр болсныг дуулгалаа. Нохойг унтуулахгүй” гэж тус сангийн хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.

Уг мэдэгдлийн өмнө Францын амьтны эрхийг хамгаалах байгууллага SPA “Амьтны амь хүний аминаас хамааралтай байх ёсгүй. Бид түүний нохойг халамждаа авч, шинэ гэр бүлтэй болгоход туслахад бэлэн байна” гэж мэдэгдэж байжээ.

зураг
 

Делон 1970-аад оны үед худалдаж авсан Парис хотоос зүүн өмнө зүгт 140-өөд километрийн зайд оршдог өөрийн эдлэн газарт нохойнууддаа зориулсан оршуулгын газар байгуулсан нь одоо 35 нохойн булшийг агуулдаг юм.

Тэрбээр 2014 онд Лубог амьтны асрамжийн газраас үрчлэн авч байжээ.

2018 онд “Paris Match” сонинд өгсөн ярилцлагадаа Делон “Энэ бол миний сүүлчийн нохой. Би түүнд хүүхэд шигээ хайртай. Амьдралдаа би 50 нохойтой байсан. Гэхдээ энэ нохойтой би онцгой харилцаатай байдаг. Намайг үхвэл тэр маань зовох болно. Хэрвээ би түрүүлж үхвэл биднийг хамт оршуулаасай гэж хүсэж байна. Нохойгоо миний булшин дээр зовж, шаналахыг харснаас гар дээрээ унтуулах нь дээр” гэж ярьж байжээ.

1996 онд телевизийн сэтгүүлч Делоноос хойд насандаа ямар амьтан болж төрөх хүсэлтэйг нь асуухад эргэлзэлгүйгээр “малиноис үүлдрийн нохой” гэж хариулж байсан юм.

Домогт жүжигчнийг энэ долоо хоногт Души дахь эдлэнд нь хаалттай хүрээнд оршуулах тухай мэдээ тараад байна.

Амьд ахуйдаа Делон нар барсных нь дараа Жонни Холидэй, Шарль Азнавур зэрэг алдартнуудад зориулсан шиг үндэсний хэмжээний үдэлтийн ёслол зохион байгуулахыг зөвшөөрөхгүй, энгийн нэгэн шиг оршуулуулах хүсэлтэйгээ ярьж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг