Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Акимаса Накао: Нойр булчирхайн хагалгаанд орсон хүмүүсийн 40 хувь нь таван жил эрүүл саруул амьдардаг

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нойр булчирхайн хорт хавдар" сэдвээр Монгол-Япон улсын эмч нарын хамтарсан дөрөв дэх удаагийн форум Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д өчигдөр зохион байгуулагдлаа. 

Тус форумд Япон улсын хүндэт профессор Акимаса Накао уригдан оролцож, нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээний тухай илтгэл танилцуулсан юм. 

Тэрбээр Японд төдийгүй дэлхийд хүндлэгдсэн "алтан гар"-тай эмч бөгөөд нойр булчирхайн мэс заслын шинэ аргыг боловсруулсан эрхэм гэдгийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү танилцуулсан юм. 

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр хүндэт профессор Акимаса Накаотой товч ярилцсанаа хүргэж байна. 



Хүндэт профессор Акимаса Накао "Нойр булчирхайн хавдрыг эрт үед нь оношлоход маш хэцүү байдаг. 

Энэ төрлийн хавдрын эрсдэлийг архи, тамхины хэрэглээ нэмэгдүүлдэг ч зуун хувь эдгээр хүчин зүйлээс үүдэлтэй гэж хэлэх нь өрөөсгөл. Хамгийн гол нь хувь хүний эрүүл мэндийн зөв дадал, дэглэм чухал байр суурь эзэлнэ. 

Сүүлийн үед нойр булчирхайн хавдар, түүнээс үүдэлтэй нас баралт Японд төдийгүй дэлхий даяар нэмэгдэж байна. Одоогоор нойр булчирхайн өвчлөл яг л энэ шалтгаанаас болж үүссэн гэх тодорхойлолт дэлхийд байхгүй

Нойр булчирхайн хавдрын үед биед илэрдэг өвөрмөц шинж тэмдэг гэж байдаггүй. Ихэнх өвчтөн ходоод өвдөж, жин буурч, чихрийн шижинтэй боллоо гэх мэтчилэн зовуурийг хэлдэг. 

Эдгээр шинж тэмдэг илэрсэн хүнд оношилгоо хийхэд зарим тохиолдолд нойр булчирхайн хавдар илрэх нь бий. Нэгэнт хавдар илэрсэн бол мэс заслын аргаар авахаас өөр аргагүй болно.

Миний бие эрүүл мэндийн салбарт 50 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд нойр булчирхайн хавдрын хагалгааны шинэ аргыг боловсруулсан.

Нойр булчирхайд хүрч гэмтэл учруулахгүйгээр хавдрыг бүтнээр нь авдаг аргаар хагалгаа хийхэд өвчтөний тавилан сайн байдаг" хэмээв. 

"Монголтой харьцуулахад хамгийн эхний ялгаа бол идэх зүйлс буюу хоол хүнс"

Үргэлжлүүлэн түүнээс дараах товч тодруулга, мэдээллийг авлаа.  



- Энэ төрлийн хавдар удаан хугацаанд дүлий явагддаг. Тодорхой зовуурь илэрсэн үед оношлоход хавдар хүндэрсэн байх эрсдэлтэйг эмч нар хэлж байна. Ингэж хожуу шатанд оношлуулсан иргэд эргээд эмчлэгдэж, эдгэрэх боломж хэр их байдаг вэ?

- Ходоод, бүдүүн гэдэсний хавдрыг дурандаж, шинжилгээ аваад харах боломжтой. Мөн өндгөвч, хөхний хавдрыг илрүүлэхэд маш амархан. Гэхдээ нойр булчирхайн хавдрын эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг судлах арга технологи гараагүй байгаа учраас эрт үед нь илрүүлэх боломжгүй.

Нойр булчирхайн хагалгаанд орсны дараах хүмүүсийн 40 хувь нь таван жил эрүүл саруул амьдардаг. Гэхдээ хагалгаа хийлгэснээс хойш 20-оос илүү жил амьдарч байгаа өвчтөн бас бий. 

- Япончуудын дундаж наслалт өндөр байдаг гол шалтгаан юунд оршдог вэ. Хүний эрүүл байх үндэс суурь юунаас эхтэй вэ? 

- Монголтой харьцуулахад хамгийн эхний ялгаа бол идэх зүйлс буюу хоол хүнс. Түүнчлэн ихэнх япончууд өвдөхөөсөө өмнө эмнэлэгт хандаж, жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ордог