Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдбаатар: Бүх малыг угаалгад хамруулж, хашаа хорооны халдваргүйтгэлийг иж бүрэн хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мал Эмнэлгийн Ерөнхий Газар /МЭЕГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар "Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас “Хариуцлагатай малчин, эрүүл мал” аяныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү аяны гол зорилго нь бүх малыг угаалгад хамруулах, хашаа хорооны халдваргүйтгэлийг иж бүрэн хийх юм. Энэ ажил нь хоёр үе шаттай явна. Эхнийх нь долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-н хүртэл, хоёр дахь нь есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-н хүртэл зохион байгуулна.

Аймгуудын хэмжээнд малын угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажил ид явагдаж байна. Малчид хашаа хорооны халдваргүйтгэлийг гүйцэд хийгээгүйгээс болоод шимэгчдэх өвчний гинжин хэлхээ тасрахгүй байна. Энэ жил малын зүй бусын хорогдол их байсантай холбоотойгоор малын хашаа хороо нэлээн бохирдсон учир иж бүрэн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа.

Мөн малын гоц халдвар өвчний тандалтыг бид жил бүр хийдэг. Сая шүлхий, бог малын мялзан өвчний ийлдэсний тандалт хийгээд төв лабораторид нэгтгэгдээд байна. Энэ нь ямар ач холбогдолтой гэхээр, халдварын тархалтын нөхцөл байдлыг үндэслэж вакцинжуулалтын тактикаа зохион байгуулдаг.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр худалдан авдаг вакцины нөөцийг бүрдүүлж аваад байна. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу анх удаа вакцины үйлдвэрлэгчийг олон улсад нээлттэйгээр тендер зарлан оролцуулсан. Энд зургаан улсын 12 компани оролцсоноор вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах боломж бүрдсэн. Үүнд:

  • Шүлхийн вакцин – 10.5 сая тун,
  • Бог малын мялзан өвчний вакцин – 18.2 сая тун,
  • Үхрийн арьс товруутах өвчний вакцин – 2.2 сая тун худалдан аваад байна.

2024 он гарснаас хойш хонины цэцэг өвчнөөс бусад өвчний гаралт тайван байлаа. Хонины цэцэг өвчний эрсдэл өндөр байсан ч экспортод сөрөг нөлөө үзүүлээгүй. Яг одоогоор Дунд-Говь аймгийн гурван суманд хонины цэцэг өвчний хязгаарлалтын дэглэмтэй байна. Мөн Архангай аймгийн нэг сум, Дорноговь аймгийн нэг суманд тус тус бүртгэгдээд байна.

Энэ өвчний эсрэг дөрвөн сая тун вакциныг гаднын байгууллагын тусламжаар авч, дэгдэлттэй байх үед нь арга хэмжээ авч чадсан. Одоо манайд Био комбинатад үйлдвэрлэсэн 9.5, тусламжийн 3.3 сая тун вакцин байна. Энэ вакцинаар бид хонины цэцэг өвчний гинжин хэлхээг бүрэн таслах боломжтой" гэлээ.