Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хойд нутагт үерийн усанд гүүр нурснаас 11 хүн амиа алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой хойд Хятадын Шааньси мужийн Шанлуо хотод гэнэтийн их устай аадар бороо орсны улмаас үерийн гамшиг тохиолдсон байна.

Энэ үеэр үерийн усанд гүүр нурахад 11 хүн амиа алдаж, 30 гаруй хүн сураггүй болсныг Шиньхуа агентлаг өчигдөр мэдээлжээ.

Гүүрэн дээгүүр зорчиж байсан 20 орчим автомашин үерийн усанд урссан байна.

Уснаас гаргасан таван автомашинаас 11 хүний цогцос олдсон тухай CCTV суваг мэдээлжээ.

Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин сураггүй алга болсон иргэдийг аврахад “бүх хүчин чармайлтаа дайчлах” үүрэг холбогдох албаныханд өгснийг CCTV бас мэдээлсэн байна.

Энэ долоо хоногийн эхнээс Хятадын хойд болон төвийн бүс нутгуудад хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлээд байгаа.

Шааньси мужийн Баожи хотод гол үерлэж, хөрс гулгасны улмаас таван хүн амь үрэгдэж, найман хүн сураггүй болсон тухай Баасан гарагт Хятадын төв хэвлэл мэдээлж байв.

Шааньси мужийн хөрш Ганьсу болон төв Хятадын Хэнань мужуудад энэ долоо хоногт бас үерийн гамшиг үргэлжилж байна.

Тухайлбал Хэнань мужийн Наньян хотод энэ долоо хоногийн эхээр бүтэн нэг жилийн хэмжээний хур тунадас унажээ.

Хятад улсын нутаг дэвсгэр даяар энэ жил ер бусын эрс тэс цаг агаарын үзэгдэлтэй зун болж, зарим хэсэгт агаар хүчтэй халж, зарим хэсэгт их устай аадар бороо орж байна.

Эх сурвалж: AFP