Шаргалжуут рашаан сувиллын Гүйцэтгэх захирал Т.Төвшин болон Дэд захирал М.Батбаяр нартай ярилцлаа.
- Танай компани Шаргалжуут наймдугаар багийн сургуульд цахим сургалтын танхим байгуулж байгаа юм байна. Энэ сайхан санаачилгынхаа талаар дэлгэрүүлж танилцуулаач?
-Т.Төвшин: Манай тосгоны сургуульд өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд сурч байгаа. Бид багш нарын мэдлэг, ур чадвар, туршлагыг солилцуулах, сурагчдад хичээлээс гадуур математик, англи хэл болон ирээдүйн иргэдийн гол ур чадвар болох мэдээлэл зүйн цахим сургалт хийх зорилгоор иж бүрэн сургалтын танхим тохижуулан хүлээлгэж өгөөд байна. Анхны хөрөнгө оруулалт 100 гаруй сая төгрөг, цаашдын сургалтын үйл ажиллагааны зардалд нь жил бүр 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөөд байна.
Одоо сурч байгаа энэ хүүхдүүд 10, 20 жилийн дараагаас энэ байгууллага, газар нутгийг авч явна гэдэгт бид итгэж байгаа. Илүү ухаалгаар удирдаж олон зуун жил энэ газрыг нийгэм, хүн ардад хэрэгтэйгээр авч явах ирээдүйн иргэдийг бэлдэх ажлыг бид одооноос эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Цаашид ч бид боловсрол болон байгаль орчиндоо хийх хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байна.
- Сүүлийн хоёр жилд байгаль орчин руу чиглэсэн нэлээдгүй ажлыг хийсэн гэж сонссон. Цаашид ямар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ?
-Т.Төвшин: Бид сүүлийн 2-3 жил Цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчилж, ус рашааныг хэмнэлттэй ашиглах, хог хаягдлыг бууруулах, рашаан ус хүний хөлд талхлагдахаас сэргийлж хоёр км орчим зам тавих зэрэг ажлууд хийлээ. Зарим нь ч одоо хийгдсээр байна. Ирэх жилдээ бид саарал усаа ногоон байгууламж, зам талбайн усалгаанд ашигладаг болох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн байгаль орчны олон улсын стандарт ISO 140001:2015 нэвтрүүлэхээр сүүлийн жил гаруй ажиллалаа. Одоо Европын сэргээн босголт хөгжлийн банкны олон улсын зөвлөхүүдтэй нийгэм, хүрээлэн буй орчин, засаглалыг сайжруулахаар ажиллаж байна.
-М.Батбаяр: Ирэх жилээс Баянхонгор Шаргалжуутын зам тавигдаж эхэлнэ гэсэн мэдээ сонссон. Зам тавигдах нь нэг талаараа ашиг тустай ч нөгөө талаасаа бас ирээдүйд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Шаргалжуутын рашаан булгууд нь байгалийн шүүрлээрээ гарч ирж байгаа. Энэ газар нэг дор хэр их хэмжээний хүн байхад рашаан булгуудад сөрөг нөлөө үзүүлэхгүй вэ гэдэг нь тодорхойгүй байна. Энийг тодорхойлоход манай зүгээс газрын даац, төлөвлөлтийг нарийвчилж хийе, шаардагдах хөрөнгө оруулалтыг манай компанийн зүгээс хийе гэсэн саналыг аймгийн удирдлагуудад удаа дараа тавьж байгаа. Бид ч гэсэн орны тоо, хүчин чадлаа ирэх жил 20 хүртэл хувиар бууруулахаар төлөвлөж байна. Энэ ч гэсэн байгаль орчин, рашаан усаа хайрлан хамгаалахын төлөө хийж буй бидний санаачилга юм шүү дээ.
- Байгаль орчин гэснээс рашаанаар байшингуудаа халааж байгаа нь хэр зөв бэ?
-Т.Төвшин: Шаргалжуутын рашаан ордод байгалийн шүүрлээрээ өдөрт долоон сая литр рашаан ундран гардаг. 1980 оноос урсаад хаягдаж байгаа энэ рашааныг цуглуулж, урсгалаар нь байруудыг халаадаг. Энэ шийдлийг олон улсын зөвлөхүүд зөв гэж үздэг юм байна лээ. Зарим хүмүүс уурын зуух бариач гэдэг. Гэвч Шаргалжуутад астма гэх мэт амьсгалын замын өвчлөлттэй хүмүүс их ирдэг. Энэ төрлийн өвчин эмгэгт маш үр дүнтэй байдаг нь энэ рашааны уур манан судалгаагаар ч тогтоогдсон юм.
Гэтэл бид зөрөөд уурын зуух бариад, нүүрс түлээд утаа гаргаад ирвэл энэ эмчилгээний уур амьсгалыг эвдэж сөрөг нөлөө үүсгэх аюултай. Мөн гол ус, рашаан булгуудыг ширгээж байгаа гол шалтгааны нэг нь дулаарал, энэ дулаарлын шалтгаан нь нүүрс түлж байгаа асуудал. Тэхээр бид эргээд байгаль орчноо бохирдуулах, хүн ардын эрүүл мэндэд ашиг тустай рашаан эмчилгээний гол үр нөлөөг устгах энэхүү эрсдэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэдэг дээрээ бат зогсох болно.
-М.Батбаяр: Уурын зуухны утаа тортог хаашаа хаягдах вэ?, манай Шаргалжуут рашааны байгалийн тогтоц юу билээ, урд талаараа уулаар хүрээлэгдсэн утаа тортог хаана буух нь ойлгомжтой шүү дээ. Бид чинь Улаанбаатарын утааны хор хөнөөлийн тухай хангалттай ярьж байгаа биз дээ. Хүмүүс жаахан ч гэсэн мэдээлэл, мэдлэгтэй баймаар байна. Эхлээд рашаан ус, байгаль орчноо яаж хайрлаж хамгаалах, зөв зохистой яаж ашиглахаа бодмоор байгаа юм. Бид чинь рашаан ус, байгаль орчиндоо хайргүй хүмүүс биш шүү дээ. Энэ уулын аманд уурын зуух барьж нүүрс түлбэл эл рашааны уур манан орчин тойрон маш их бохирдоно.
- Иргэд танайхыг насос тавиад татаж авдаг гэж ойлгодог. Шүүрлээрээ гэдгийг дэлгэрүүлж тайлбарлаач?
-Т.Төвшин: 1975, 2019 онд нөөцийг нь тогтоох багт орж ажилласан гидрогеологич н.Лхагва доктор “Шаргалжуутын рашаан орд маш эмзэг газар, ойр орчимд өрөм тавих, нөөцийг шавхаж тогтоох нь одоогийн рашааны ундаргуудад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзэн урсцаар нь тогтоосон” гэж бидэнд хэлж байсан. Иймд бид зөвхөн байгалийн жамаараа гарч байгаа шүүрлийг тосож ашигладаг. Насос тавьж соруулан ашиглахын эсрэг байр суурьтай байдаг.
-М.Батбаяр: Бид нар байгалиараа урсцыг тосож аваад л ашиглаж байгаа. Ямар нэгэн насосоор рашаан усыг соруулдаггүй гэдгийг янз бүрээр ярьж бичээд байдаг иргэд газар дээр нь ирээд нүдээрээ харж болно шүү дээ.
- Цаашид танай байгууллага нийгэмд чиглэсэн ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-М.Батбаяр: Бид Шаргалжуутын төрийн байгууллагуудтай хамтарч ажиллан тодорхой санхүүжилтийг шийдвэрлэж ажилладаг. Энэ 10 дугаар сард Шаргалжуут наймдугаар багийн бүх ахмадуудаа үнэгүй хүлээн авч сувилж байна. Цаашид ч энэ ажлыг уламжлал болгон хэрэгжүүлнэ. Бас аймгийн бүтэн өнчин хүүхдүүдийг дэмжих тал дээр Д.Мөнхсайхан засаг даргатай ярилцаж байгаа. Тодорхой шалтгааны улмаас энэ асуудал удаашралтай байна.
- Энэ жил Шаргалжуут рашаан сувиллын 70 жилийн ой болно. Энэ талаар тодосгож яриач?
-М.Батбаяр: Манай Шаргалжуут рашаан сувилал 1954 онд анх байгуулагдсан түүхтэй юм билээ. Үйлдвэрчний эвлэлийн амралт, нэгдлийн амралт гэж тус тусдаа байсан байдаг. Бид 70 жилийн ойгоо угтаж бүтээн байгуулалтын төлөвлөгөө гаргаж, ажлуудаа хийгээд явж байгаа. Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, шинэ гүүр барих, голын даланг шинэчлэх гэх мэт олон ажлууд байна. Мөн манай байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадуудтайгаа холбогдож, тэдний ажиллаж байсан үеийн туршлага, мэдлэг түүхийг бичиж тэмдэглэж үлдээх гэх мэт олон ажлууд бий. Ойгоо 2024 оны намар тэмдэглэхээр төлөвлөөд байна. Цаг хугацаа тодорхой болохоор хүмүүстээ дэлгэрэнгүй мэдээлнэ.
-Т.Төвшин: Бид рашаан эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Бас сувилуулагчдаа илүү тав тухтай сувилуулах зорилгоор эмнэлгээ шинэчлэн засварлаж, төв байр эмнэлэг холбосон битүү зам барьж байгаа. Мөн рашааны ашиг тусыг нь нэмэгдүүлж, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглахад чиглэсэн судалгаа, эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Сургалт, Судалгааны Институт байгуулаад байна. Энэ төв маань өмнөх үеийн сайн туршлага, олон улсын туршлагыг тогтмол судалж эмчилгээндээ нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх юм.
- Одоогоор сургалт судалгааны институт дээр эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юу, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгвөл?
-Т.Төвшин: Сургалт судалгааны Институт нь дотроо Зөвлөхийн багтай, тус багт Европын Дотор, Нийгмийн эрүүл мэнд, Эдийн засгийн чиглэлийн зөвлөхүүд, эмч нар болон Дотоодын Уушги харшил, Арьсны чиглэлийн эмч, Ус рашааны судлаач нар хийгдэж буй төсөл хөтөлбөрүүд дээр шаардлагатай зөвлөгөө, чиглэл өгч хамтран ажилладаг.
Бид 2023 оны 12 сараас эхлэн Архаг өвчний менежментийн хөтөлбөр болох Астма эмчилгээний 6 сарын хугацаатай үргэлжлэх цогц хөтөлбөрийг Уушги харшлын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Эхний хөтөлбөрийн үр дүнд Цусан дахь харшлын эсийн тоо 75%-иар буурсан, ханиалгах, бачуурах, цээж шуугих зовууриуд арилсан, хяналтын 6 сарын хугацаанд астмын сэдрэл, хүндрэл үүсээгүй, эмчилгээний үр дүн тогтвортой хадгалагдаж байгаа эерэг үр дүн гарсан. Мөн цаашдаа рашаан эмчилгээний үр нөлөөллийг нарийн судлах, тодорхойлох зорилгоор Астма эмчилгээний эмнэлзүйн харьцуулсан судалгааг албан ёсны ёс зүйн зөвшөөрөлтэйгөөр эхлээд байна.
- Та бүхэнд баярлалаа.
Сэтгүүлч П.Санаадагва
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!