Уншиж байна ...

Б.Жавхлан: Зээлжих зэрэглэлийн оноотой болсноор хүмүүст “хар жагсаалтаас гарна” гэсэн ойлголт байхгүй болно

ikon.mn
2024 оны 7 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын анхны Зээлжих зэрэглэлийн оноо нээлтээ хийсэнтэй холбоотой “Бүрэн скор ЗМС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлантай ярилцлаа.

Зээлжих зэрэглэлийн оноо буюу БүрэнОНОО-г хиймэл оюуны дэвшилтэт аргыг ашиглан тооцоолдог ба иргэдийн орлого, төлбөрийн түүх, өрийн хэмжээ, зээлийн түүхийн хугацаа, шинэ зээл, зээлийн төрлүүд гэх мэт 40 орчим үзүүлэлтэд үндэслэдэг аж. Энэхүү оноо нь иргэдийн зээл, өр төлбөрөө цаг тухайд нь төлөх магадлалыг урьдчилан таамаглан, хэр хариуцлагатай зээлдэгч болохыг тодорхойлдог байна.

- Монголын анхны Зээлжих зэрэглэлийн оноог зах зээлд нэвтрүүлж байгаад баяр хүргэе. Энэхүү үйл явдал нь санхүүгийн салбарт хэр ач холбогдолтой вэ?

Зээлжих зэрэглэлийн оноо нь эрсдэлийн үнэлгээг сайжруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн үр ашгийг дэмжих, санхүүгийн залиланг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, салбарын инновацыг дэмжих зэргээр санхүүгийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Энгийн жишээ дурдахад, өнөөдөр зээл авахын тулд хүн бүр Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах шаардлагатай байдаг. Энэхүү мэдээлэл нь Монголбанкнаас жагсаалт хэлбэрээр буюу тухайн иргэн “зээлтэй юу, зээлгүй юу, тэр нь хугацаа нь хэтэрсэн үү, үгүй юу” гэсэн ангиллаар гардаг. Гэтэл жагсаалт хэлбэрээр лавлагаа гарах нь хүмүүсийг зөвхөн зээлийн мэдээлэл дээр нь үндэслэн сайн эсвэл муу гэж ангилах байдалд хүргэдэг. Ийм ч учраас энэ сангийн талаар хүмүүс “хар жагсаалт” гэх зэргээр сөрөг агуулгаар харж ойлгодог нь нууц биш. Харин оноотой болсноор хүмүүсийн зээлийн түүхийг хар, цагаан гэж ялгахгүйгээр, эрсдэлийн интервалуудад хувааж, илүү бодитой үнэлгээ хийх боломжтой болж байгаа юм.

- Зээлжих зэрэглэлийн оноо нь дэлхийн бусад орнуудад хэр түгээмэл ашиглагддаг үнэлгээ вэ?

Generic Credit Score буюу Зээлжих зэрэглэлийн оноог дэлхийн 30 гаруй улсад ашигладаг бөгөөд эхлэл нь 1950-аад онд АНУ-д тавигдаж байсан юм байна лээ.

Улс орон бүрийн зээлжих зэрэглэл тооцох систем иргэдийн хэрэглээ, зан төлөвийн онцлогоос хамааран ялгаатай байдаг. Жишээ нь, Австрали, АНУ, Канад, Герман, Их Британи зэрэг орнууд Зээлжих зэрэглэлийн оноо ашигладаг. Харин Японд нэгдсэн зээлжих зэрэглэлийг үнэлгээ байдаггүй бөгөөд банк бүр өөрсдийн аргачлалаар тооцдог байх жишээтэй.

Тиймээс, манай компанийн зүгээс гаднын онооны системийг шууд авчирч нутагшуулах гэхээсээ илүүтэй, иргэдийнхээ зан төлөв, онцлогт тохируулан дотооддоо хөгжүүлэх нь илүү оновчтой шийдэл гэж үзсэн.

- Та ярианы эхэнд “хар жагсаалт”-ын талаар дурдлаа. Саяхан Монголбанкнаас хэвийн бус ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгчдийн жагсаалтыг устгах шийдвэр гарч хэрэгжсэн. Үүн дээр таны бодол?

Саяхан 127 мянга гаруй зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийлээ л дээ. Угтаа бол “хар жагсаалт” гэдэг зүйл байхгүй. Зээлийн мэдээллийн сан дахь “хугацаа хэтэрсэн, чанаргүй” гэсэн ангиллыг л манайхан ингэж өөрсдийнхөөрөө нэрлээд байгаа юм.

Мэдээж урт хугацаанд үргэлжилсэн цар тахлын нөлөө, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс үүдэлтэйгээр хүмүүс тодорхой хугацааны санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, үүний улмаас зээлийн ангилал нь буурсан байхыг үгүйсгэхгүй. 80-90 хувь нь санаандгүй энэ ангилалд орсон байлаа гэхэд цаана нь авсан зээлээ санаатай төлдөггүй, орлогоосоо давсан хэрэглээтэй, санхүүгийн сахилга батгүй иргэд багагүй хувийг эзэлж байгаа нь тодорхой.

Өдөр бүр зээлийн мэдээллийн сангийн тоо баримт дээр ажилладаг хүний хувьд хэлэхэд статистикаар өмнө нь зээлээ төлөхгүй зугтаж байсан бол дахин тэр үйлдлээ давтах магадлал маш өндөр байдаг. Гэтэл “Дахиад 5 сар тэсчихвэл өршөөлийн хуулиар санхүүгийн түүхээ цэвэрлүүлнэ” гэх маягаар дараагийн хариуцлагагүй үйлдлээ давтах гээд хүлээж суудаг хүмүүсийн хувьд 6 жил тутам түүх нь шинэчлэгддэг, төрийн өршөөлөөр цэвэрлэгддэг энэ тогтолцоо санхүүгийн хариуцлагатай зан төлөвийг хангалттай хэмжээнд суулгаж өгч чадахгүй байна уу даа гэж боддог.

Манайхаас гаргадаг лавлагаа, БүрэнОНОО буюу зээлийн оноо зэрэг нь тухайн хүний санхүүгийн түүхийг харуулсан тайлан

- Тэгэхээр таны бодлоор Зээлжих зэрэглэлийн оноотой болсноор иргэд илүү санхүүгийн сахилга баттай болно гэж харж байгаа хэрэг үү?

Зээлжих зэрэглэлийн оноотой болсноор хүмүүс “хар жагсаалтаас гарна” гэсэн ойлголт байхгүй болно. Давуу тал нь бид өөрсдийн оноог өдөр тутмын санхүүгийн шийдвэр, үйлдлээрээ тасралтгүй сайжруулаад явах боломж бүрдэж байгаа. Нөгөөтээгүүр, бид зөвхөн сөрөг талыг нь хараад байна. Гэтэл санхүүгийн сахилга баттай, санхүүгээ тооцдог, хариуцлагатай, зээлээ үргэлж хугацаанд нь төлдөг хэдэн мянган хүн бий. Тэдэнд ямар давуу талтай вэ? Өндөр оноотой хүмүүст илүү урт хугацаатай, илүү таатай нөхцөлтэй зээл гарах боломж бүрдэнэ. Зээл гаргаж байгаа байгууллагуудын хувьд ч тухайн иргэдэд тохирсон нөхцөлөөр зээл олгосноор зээлийн эрсдэл буурч том зургаараа Монгол улсын зээлийн хүү буурахад өндөр нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

- Санхүүгийн байгууллагууд зээлийн шийдвэр гаргахдаа энэ оноог хардаг болно гэж ойлгох уу?

Манайхаас гаргадаг лавлагаа, БүрэнОНОО буюу зээлийн оноо зэрэг нь тухайн хүний санхүүгийн түүхийг харуулсан тайлан л гээд ойлгочих хэрэгтэй. Бүрэн скор ХХК зээл олгоно, олгохгүй гэдэг шийдвэрийг гаргадаггүй. Харин зээл олгогч байгууллагад “За Бат бол зээлээ цаг хугацаанд нь хариуцлагатай төлж байгаад, 1 жилийн өмнө зээлээ хоцроож байсан түүхтэй хүн байна аа” гэдэг мэдээллийг л өгч байгаа. Үүн дээр нь үндэслээд банк өөрийн зээлийн бодлого, эрсдэлийн үнэлгээ зэрэг дээрээ суурилаад зээл олгох эсэхээ шийддэг.

Одоогоор манай БүрэнОНОО орлого, өрийн хэмжээ, зээлийн түүх зэрэг харьцангуй цөөн тооны мэдээлэл суурилж тооцоологдож байгаа. Гэхдээ энэ маань сайжраад, цаашлаад хувь хүний худалдан авалтын зан төлөв, төлбөр тооцоо, хуримтлалын дадал гээд илүү өргөн хүрээний мэдээллийг агуулдаг, тухайн хүний санхүүгийн бүрэн зураглалыг харуулж чаддаг болно. Ингэснээр ирээдүйд, БүрэнОНОО-г зөвхөн зээл олгогч байгууллага хардаг бус, ажилд ороход, байр түрээслэхэд, бизнесийн хэлцэл хийхэд гээд олон салбарт тухайн хүнийг хэр хариуцлагатай хүн бэ гэдгийг итгэдэг үнэлгээ болгохыг зорьж байгаа.

- Бид бүгд зээлийн оноотой болчихлоо. Одоо яах вэ?

Өмнөх түүх дээрээ үндэслээд зарим хүний оноо сайн, зарим хүнийх муу гарсан байгаа. Тэгэхээр бид өнөөдрөөс эхлээд энэ оноогоо өсгөх, сайн байлгах гэж хичээдэг, чармайдаг болох хэрэгтэй. Ажилтай, орлоготой, санхүүгээ төлөвлөдөг, эрсдэлээ зөв тооцолдог болохын төлөө хувь хүн бүр дор дорноо дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.