Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батсуурь: 2022 оны наадмын үеэр дархан аварга Х.Баянмөнх цаг нь ирэхээр болно гэж байсан. Өнөөдөр цаг нь болсон юм байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.

Хүчит бөхийн барилдааны есийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Б.Орхонбаяртай 57 минут барилдаж, өвдөг шороодуулсан.

Ийнхүү ерөнхийлөгчийн зарлигаар улсын баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх, даян аварга Н.Батсуурьт Монгол Улсын дархан аварга цол хүртээсэн юм.

Үүнтэй холбогдуулан отгон дархан аваргыг "Увс нуур" дэвжээний хамт олон болон бөх сонирхогчид өчигдөр наадам дууссаны дараа угтан авч, баярт мөчийг нь хуваалцсан байна. 

Энэ үеэр дархан аварга Н.Батсуурь "Өнөөдөр их сайхан өдөр байна. Увс аймаг Үндэсний бөхийн дархан аваргатай боллоо.

2022 оны наадмын үеэр дархан аварга Х.Баянмөнх цаг нь болоогүй байна. Цаг нь ирэхээр болдог юм гэж байсан. Өнөөдөр цаг нь болсон юм байна. 

Ирж дэмжсэн "Увс нуур" бөхийн дэвжээний хамт олон болон нутгийн ард олон, бөхчүүддээ баярлалаа. Үүнээс цаашаа "Увс нуур" бөхийн дэвжээ олон сайхан амжилт үзүүлэх болтугай" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.