Шинээр сонгогдсон 126 гишүүн Төрийн ордны чуулганы танхимд өнөөдөр тангаргаа өргөснөөр УИХ-ын бүрэн эрх нь баталгаажлаа. Тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хоёр цаг орчим үргэлжилсэн юм.
Гишүүд тангаргийн үгээ хэлсний дараа төрийн сүлд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад мэхийн ёсолж байв.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баттулга, Н.Номтойбаяр, Л.Мөнхбаясгалан нар зөвхөн төрийн сүлдэд мэхийн ёсолсон бол С.Ганбаатар гишүүн тангаргийн үгээсээ хальж "Мөнх хөх тэнгэр монгол орныг минь ивээж, Монгол Улс мандан бадрах болтугай" гэж хэлээд сануулга авав.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд "Гишүүд УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна" хэмээн заажээ.
Албаны эх сурвалж "Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад мэхийж ёслох нь тухайн хүний хүндлэлийн асуудал. Харин Төрийн сүлдэнд заавал мэхийн ёсолж, Төрийн далбааны өмнө баруун өвдөг бохирон сууж адис авна" гэж тайлбарлалаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!