Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Богд Банк болон АХБ Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон санхүүжилт олгоход хамтарч ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2024 оны 6 дугаар сарын 28) — Богд Банк ХК, Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн болон ногоон зээлийг дэмжих зорилгоор 15 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

Санхүүжилтийн багцын 14 сая ам.долларыг АХБ-наас олгох ба үүний талыг бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулах юм. Үлдсэн 1 сая ам.долларыг АХБ-ны удирдаж буй Канадын Азийн Хувийн Секторт зориулсан Уур Амьсгалын Хоёрдугаар Сангаас санхүүжүүлнэ. Тус сангийн хөнгөлөлттэй зээлийг АХБ-ны зээлтэй хослуулж (blended) эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авах, бага оврын сэргээгдэх эрчим хүчний суурилуулалт хийх зэргээр бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан уур амьсгалын санхүүжилтийг дэмжихэд зарцуулах юм.

“Санхүүгийн байгууллагууд гадаадаас хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал байгаа нь Монголын хөрөнгийн зах зээлийг цаашид хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. АХБ дотоодын банк, санхүүгийн байгууллагуудад урт хугацаат санхүүжилт олгох замаар энэхүү цоорхойг нөхөж, энэ нь цаашлаад бичил, жижиг, дунд бизнесийн санхүүгийн зардлыг бууруулж байна. Хосолсон болон хөнгөлөлттэй зээл авснаар Богд Банк ногоон санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг тэр бүр санхүүжилт авч чаддаггүй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санал болгох боломжтой болж, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, бага оврын сэргээгдэх эрчим хүчний системийн өсөлт, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх боломж бүрдэх юм” хэмээн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Сюзэн Габури онцлон хэллээ.

Бичил, жижиг, дунд бизнесүүд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ба нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, ажлын байрны дийлэнхийг бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 18%-ийг эзэлж байна. Гэвч банкны салбарын нийт зээлийн гуравны нэгээс бага хувийг жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл бүрдүүлж буй нь тэдэнд хүрэх санхүүгийн хүртээмж хязгаарлагдмал болохыг мөн энэ нь тэдэнд бизнесээ тэлэхэд саад учруулж буйг харуулж байна. Түүнчлэн, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэдийгээр ажиллах хүчний талыг бүрдүүлж, зээлийн эргэн төлөлтийн хувь өндөр байдаг ч эрэгтэй бизнес эрхлэгчидтэй харьцуулахад зээл авах магадлал бага байж, томоохон бэрхшээлтэй тулгарч байна.

“Богд Банк нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулахын зэрэгцээ ногоон санаачилгыг дэмжиж ажилладаг. АХБ-тай хамтарч байгаа нь үр нөлөөтэй зээл олгох замаар Монгол Улсын эдийн засгийг тэлэх алсын хараа, эрхэм зорилготой маань нийцэж буй бөгөөд цаашдын урт хугацаат харилцааны эхлэл болсон энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа баяртай байна” хэмээн Богд Банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул хэллээ.

Богд Банк нь 2014 онд үүсгэн байгуулагдсан ба орон даяар нийт 16 салбар, 230 ажилтантай үйл ажиллагаа явуулж, олон салбарын нийт 12,500 харилцагчдад санхүүжилт олгоод байна. Богд банкны бичил, жижиг, дунд бизнесийн зээл нь нийт зээлийн багцын талаас илүү хувийг бүрдүүлдэг ба худалдаа, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг түлхүү дэмжиж байна. Мөн тус банк нь Монгол Улсын банкны реформын хүрээнд 2021 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгүүлж, олон нийтийн банк болсон анхны банк юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.