Манай улс төмрийн баяжмал экспортолно
Дэлхийн зах зээлд жоншны үнэ буурчээ.
Үүний улмаас манай жоншны гол экспортлогч Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн ашиг орлого буурахад хүрсэн байна.
Харин тэд бизнесийн энэ орон зайгаа төмрийн баяжмалын экспортоор нөхөхөөр төлөвлөж байна. Энэ нь чамгүй ашигтай байхаар байна.
“Монголросцветмет” компани энэ жил гэхэд 52 хувиас дээш төмрийн агуулгатай 230 мянган тонн баяжмал экспортлохоор төлөвлөснийг бид өмнө нь мэдээлсэн. Үүнийхээ 200 мянгыг нь хуурай аргын технологиор баяжуулах бол үлдсэнийг нь нойтон аргаар боловсруулах гэнэ.
“Монголросцветмет” компани 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж жонш баяжуулах үйлдвэрлэлдээ нэмэлт төхөөрөмж суурилуулснаар төмрийн хүдэр баяжуулах технологио шийдвэрлэжээ.
Ингэснээр 2013 оны наймдугаар сараас төмрийн хүдэр баяжуулж эхэлсэн байна. Үүнээс хойш 35 мянган тонн төмрийн хүдэр баяжуулан экспортлоод байна.
“Монголросцветмет” компани нь Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрээс 18 км зайд байрлах өөрийн эзэмшлийн Баргилтын ордоос төмрийн хүдрээ олборлож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
