Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Узбекистан улс гадаадын хөрөнгө оруулалтад маш нээлттэй байгаа. Монголын ААН-үүдэд олон боломж байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг

-Бүгд Найрамдах Узбекистан Улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд шинэ зах зээлийг нээхээр 40 гаруй үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэр, баялаг бүтээгчдээ дагуулан ирсэн. 

Уг ажлын хүрээнд зургаадугаар сарын 24-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа үйлдвэрлэлийн танхим хоорондын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурав. 

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин "Узбекстан улс 38 сая хүн амтай буюу Монголоос 10 дахин том зах зээлтэй.Энэ улсын эдийн засаг асар хурдтайгаар хөгжиж, сүүлийн долоон жилийн хугацаанд маш их өөрчлөлт хийжээ. Хувийн хэвшлээ дэмжсэнээр, богино хугацаанд эдийн засгийг яаж хүн болгонд хүртээмжтэй болгож болдгийг үзүүлж байна. 

Узбекистан улс гадаадын хөрөнгө оруулалтад маш нээлттэй байгаа. Ямар нэгэн улсыг ялгаварлах бодлого байхгүй. Тал талын олон улсын хөрөнгө оруулалтууд жигд орж байна. Монголчуудын хувьд бусад улстай харьцуулахад илүү том боломжууд байгаа.

Монгол Улсад экспорт хийх бололцоотой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс гадна аялал жуулчлал, мэдээллийн технологи, банк санхүүтэй холбоотой хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байгаа компаниуд байна. 

Урт хугацааны бодлогуудаа тодорхой болгосноор гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татаж болдгийн үлгэр жишээг олон салбар дээр харуулж байна. Жишээлбэл эрчим хүчний салбар дээр урт хугацааны бодлогоо тодорхой болгож, их хэмжээний хөрөнгө оруулалтыг улсдаа татаж чадаж байна. 

Энэ хэмжээгээрээ нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 40 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан зэрэг сурах зүйл их байна. Монголын аж ахуйн нэгжүүдэд олон боломж байна" гэв. 

Монгол, Узбекистан улсын худалдааны эргэлт 2023 онд 10 сая ам.долларт хүрч байсан бол үүнийг хоёр орны төрийн тэргүүн нар 10-20 дахин нэмэгдүүлэхээр хэлэлцээрийн үеэр тохиролцов. Мөн Улаанбаатар, Ташкент хотноо хамтарсан худалдааны төв байгуулахаар тохиролцоод байгаа юм.

2023 онд хоёр орны экспорт, импорт: 

Монголоос Узбекистан руу 4.6 сая ам.долларын 

  • хонь,
  • хурганы боловсруулсан арьс,
  • өлөн гэдэс,
  • хонь, ямаа,
  • үхрийн хөлдүү мах,
  • полиацетал, поликарбонат зэрэг бараа экспортолжээ. 

Узбекистанаас Монгол руу 5.4 сая ам.долларын

  • усан үзэм, жимс,
  • хүнсний бүтээгдэхүүн,
  • хөргөх, хөлдөөх цахилгаан төхөөрөмжүүд,
  • ачааны автомашин зэрэг бараа импортоор авсан байна. 
зураг