"Оюутолгойн уурхайгаас зэсийн баяжмал тээвэрлэх зам хаагдсанаар экспорт тасалдах эрсдэл үүслээ"
Оюутолгойн уурхайгаас зэсийн баяжмал тээвэрлэдэг замыг өнөөдөр 09:00 цаг орчмоос эхлэн зарим иргэн хаасан байна.
Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсээд байгааг "Оюу толгой" ХХК-аас мэдэгдээд экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй хэмээв.
Мөн үүсээд буй одоогийн нөхцөл байдал нь улсын төсөвт их хэмжээний тасалдал үүсгэж, гадаад орчинд Монгол Улс, Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг унагаах уршигтай. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалжээ.
Нэмж дурдахад, энэ оны эхний таван сард зэсийн баяжмалын экспорт нэг сая тоннд хүрч, Монгол Улсын экспортын орлогын 45 хувийг бүрдүүлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
