Их Долоогийн удирдагчдын санамсаргүй микрофонд бичигдсэн хувийн ярианууд

С.Мөнхцэцэг, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Францын нуурын эргийн амралтын газарт чуулсан Их Долоогийн бүлгийн удирдагчид зөвхөн дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцээгүй нь тодорхой.

Тэд уулзалтын үеэр микрофон асаалттай байгааг анзааралгүй хувийн сэдвээр ярилцсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртжээ.

Тэдгээрээс заримыг нь хүргэж байна

 

Мелони тамхинаас гарсан нь

Италийн ерөнхий сайд Жоржа Мелонигийн тамхи татах зуршил Мягмар гарагт удирдагчдын ярианы нэг сэдэв болжээ.

Германы канцлер Фридрих Мерц өглөө тамхи татсан эсэхийг нь асуухад тэр “тавдугаар сарын нэгнээс хойш татаагүй” гэж хариулсан байна. Энэхүү амжилтад нь Канад, Их Британи, Япон, Европын Холбооны удирдагчид баяр хүргэсэн бол Мелони гараа өргөн хариу талархал илэрхийлжээ.

 

Спортын тухай хөөрөлдөөн

АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ удирдагчдын ярианы нэг сэдэв болж байлаа.

Үдийн зоогийн үеэр тэдний нэг нь Францын шигшээ багийн уухай болох “Allez les bleus”-ийг хашхирсан бол бас нэг нь Пари-Сэн-Жермен баг саяхан аваргуудын лигт түрүүлсэн тухай ярьж байлаа.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 80 насныхаа төрсөн өдөр Цагаан ордны хашаанд зохион байгуулсан UFC тулааны талаар, UFC холбооны гүйцэтгэх захирал Дана Уайтын талаар хөгжилтэй яриа өрнүүлсэн байна.

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер саяхан Кабо Верде улсын баг Испанийн хүчирхэг багтай тэнцсэн ДАШТ-ий тоглолтыг “Маш гайхалтай” гэж магтжээ.

 

Гринланд арлын талаар Трампын нууцлаг яриа

Европын Холбооны удирдагчдын нэг Антонио Костатай ярихдаа Трамп нэгэн учир битүүлэг шалтгаанаар Гринланд арлын нэрийг дурдсан байна.

Тэрбээр Коста руу эгцэлж хараад “Ойлгосон уу? Гринланд” гэж хэлсэн нь микрофонд бичигджээ. Гэхдээ тэдний ярианы эхлэл болон төгсгөл хэсэг бичигдээгүй тул бүрэн ойлгогдоогүй юм.

Дани улсын харьяанд байдаг Гринланд арлыг АНУ-д нэгтгэх санаагаа Трамп өмнө нь олон удаа илэрхийлж, Европын удирдагчдыг бухимдуулж байсан удаатай.

 

Макрон цагаа мартсан нь

Үдийн зоогоос гарахдаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ширээн дээр бугуйн цагаа орхисон байв.

Канадын ерөнхий сайд Марк Карни “Тэр цагаа орхичхож. Бидэнд түүний цаг байна” гэж хэлсэн бол Трамп “Хэрвээ тэр явчихсан бол надад өгчих” хэмээн бусад удирдагчдыг инээлгэж байжээ.

 

Трамп төрсөн өдрийнхөө бэлэгт спорт өмсгөл, унадаг дугуй авав

Макрон ирэх жил Францын Альпийн уулсад болох дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурталчлах зорилгоор зочдодоо тусгайлан бэлдсэн унадаг дугуй бэлэглэжээ.

Дасгал хөдөлгөөнд дургүй, дугуй унадаг эсэх нь мэдэгддэггүй Трамп үүнийг хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй байна.

Саяхан Ираны асуудлаар Трамптай маргаан үүсгэж байсан Германы канцлер Мерц түүнд 47 дугаартай хөлбөмбөгийн шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэжээ. Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч юм.

Тэрбээр өмсгөлийг гартаа бариад инээмсэглэн зургаа авхуулсны дараа цааш эвхэж тавьсан байна.

Мерц сүүлд сошиал хуудсандаа уг зургийг нийтлээд “Эцэст нь бид нэг баг боллоо” гэсэн тайлбар бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press