С Э Т Г Э Л
"Сэтгэл бол агшнаас агшинд байнга өөрчлөгдөж байдаг ухамсрын урсгал юм"


Г.Даваадалай: Сонсогчид миний дуунуудаас өөрийн дотоод сэтгэл, мэдрэмжийнхээ нэг хэсгийг олж сонсох байх


Дуучин Г.Даваадалайг “The Voice Of Mongolia” шоуны ялагч болсноос нь хойш өөрийн гэсэн уран бүтээлээ туурвихыг нь тэсэн ядан хүлээсэн сонсогчид олон бий. Ийнхүү тэрбээр бие даасан уран бүтээлийн замналаа эхлүүлж буйгаа зарлаж, анхны цомгоо гаргахаар болжээ.

Үүнээс урьтаж “Cosmic Ocean” нэртэй тоглолтоо зургаадугаар сарын 19-нд Ballroom ZU-д толилуулахаар болоод байгаа юм байна. Түүний анхны цомгийн продюсероор гитарчин Б.Үйтүмэн ажилласан бөгөөд энэ онд багтаан сонсогчдын хүртээл болох юм. Уран бүтээлийнх нь шинэ үе шатны талаар түүнтэй товч ярилцахаар "С Э Т Г Э Л" буландаа урилаа.

Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Аудиогоо нээнэ үү 🔉
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгээрэй ➡️

Сэтгүүлч: Тоглолтоо яагаад "Cosmic Ocean" гэж нэрлэв. Цомгийн өнгө аястай холбоотой юу? 

Г.Даваадалай: Хүн бүр өөр өөрийн онцлогтой ч бид бүгд нэг ертөнцөд зэрэгцэн оршдог. Үүнтэй адил миний дуунуудыг сонсоход өөр өөр хэв маягтай мэт боловч сонсогчид дотроос нь миний гэсэн нэг л мөн чанарыг олж харна. Эсвэл өөрийнхөө сэтгэл, дурсамж, мэдрэмжийн нэг хэсгийг олж сонсох болов уу... Тиймдээ ч ертөнцийн олон өнгө, хэлбэр дүрс болоод өөрийн нэрэн дэх "Далай"-г бэлгэдсэн. 
Бэлтгэлийн хэсгээс...
00:00 00:00
Сэтгүүлч: Цомгийн дуунуудыг нь сонсоход өөр өөр өнгө аястай нь үнэхээр мэдрэгдсэн шүү.

Г.Даваадалай: Өмнө нь сонсогчдод хүргэж байсан уран бүтээлүүдийн маань ихэнх нь хамтралууд байсан учраас намайг бүхэлд нь илэрхийлсэн гэж хэлэхэд хэцүү. Харин энэ цомог бол миний сонсож өссөн хөгжим, тэдгээрээс авсан мэдрэмж, нөлөөллөөрөө өөрийгөө хөглөж ирсэн замналын минь үр дүн. Нэг ёсондоо энэ цомог бол уран бүтээлч болоод хувь хүний хувьд ч жинхэнэ “би”-г хамгийн тодорхой харуулах бүтээл юм.   

Сэтгүүлч: Цомгоо нэг үгээр илэрхийлбэл?  

Г.Даваадалай: Нууцлаг 

Сэтгүүлч: Өнгөөр гэвэл? 

Г.Даваадалай: Номин ногоон 
Сэтгүүлч: Аливаа дуучдын цомог амьдралынхаа ямар цаг үед бүтээсэн гэдгээс нь шалтгаалж өнгө төрх нь ч дагаад тийм байх нь элбэг. Өөрийн тань цомог таны амьдралын ямар цаг үед мэндэлж байна вэ?

Г.Даваадалай: Аз жаргалтай үед гэж хэлнэ. Зунаас намар луу шилжиж байсан үе байсан. Эргэн тойрны хүмүүсийнхээ өгсөн урам зоригоор хөглөгдөж, утасныхаа тэмдэглэл хэсэгт олон жил хадгалсан мөртүүдээ найздаа хуваалцсан үеэс эхэлсэн. 2022 оноос хойш өөрийн уран бүтээлээ хийлгүй явсаар олон жилийн өмнө бичээд орхисон аялгуу, үгс, мэдрэмжүүд минь дотроос багтахгүй болж эхэлсэн. Цаанаасаа ундарч ирэх тэр бүх мэдрэмжийг гаргаж, цомог болгон бүтээх ёстойгоо тэр үед ойлгосон.
Сэтгүүлч: Уран бүтээлч бүрд айдас бий. Өөрийн чинь айдас юу байв?

Г.Даваадалай: Өөрийнхөө хийсэн зүйлийг жаргаж сонсож байгаа ч энэ мэдрэмжийг яг надтай адил мэдрэх хүн байх болов уу, хийсэн болоод л үлдчих вий гэсэн айдас түгшүүр бий.
Сэтгүүлч: Дуунуудынх нь хөгжмийн найруулга их сонирхолтой санагдсан. Тоглолт амьд хөгжимтэй явах байх. Ерөнхий тоглолтын найруулгаа танилцуулбал.

Г.Даваадалай: Миний дуунуудын зарим хэсэг яг бясалгал шиг санагддаг. Тиймдээ ч тоглолтдоо хөгжимт бясалгалын үзүүлбэрийг оруулсан. Үзэгчдийг хөгжмөөр бясалгуулж бүхий л мэдрэмжийг нь сэрээсний дараа өөрийн уран бүтээлээ хүргэнэ.
00:00 00:00
Сэтгүүлч: Таны хөгжмийн ертөнцийг ямар аялгуу, урсгалууд хөглөж байна вэ?

Г.Даваадалай: Сүүлийн үед аялгуулаг тарниуд их сонсож байгаа. Ямар ч үед сонссон тухайн мөчийн мэдрэмжтэй минь гайхалтай нийцдэг. Хөл хөдөлгөөнтэй, бужигнасан нийгмээс түр ч болов холдож, өөртэйгөө үлдэх завсарлага авч байгаа мэт тайвшралыг мэдрүүлдэг юм.

Ер нь shoegaze, indie, alternative урсгалын хөгжим их сонсдог. Ялангуяа dream pop, shoegaze урсгалын хөвсөн, атмосфертэй дуугаралт надад их ойр санагддаг. Өргөн уудам орон зайд цуурайтаж буй мэт мэдрэмж төрүүлдэг тэр өнгө аяс нь миний дотоод ертөнцтэй их нийцдэг.
Сэтгүүлч: Хэрвээ ганцхан цомог насан туршдаа сонсох бол аль цомгийг сонгох вэ?

Г.Даваадалай: Миний амьдралын бүх цаг үеийг уран бүтээлээрээ хөглөсөн "Owl City"-н "Ocean Eyes" цомгийг сонгоно.
Сэтгүүлч: Өөрийн чинь хувьд амжилттай дуу гэж ямар дууг хэлэх вэ?

Г.Даваадалай: Өөрийнхөө гунигтай эсвэл хамгийн жаргалтай мөчид төрсөн мэдрэмжийнхээ хамгийн гүн хэсэгтэй холбогдож бүтээсэн дууг сонсогч мөн адилхан цаг үедээ сонсоод ижил мэдрэмж авч, түүнээсээ хань, түшиг олж чаддаг бол түүнийг амжилттай дуу гэж боддог.

Тэр дууг ердөө 10 хүн л мэддэг байж болох юм. Гэхдээ тэр хүмүүс нь дууны мөн чанарыг гүндээ мэдэрч, үнэн сэтгэлээсээ хайрлан сонсдог бол тухайн бүтээл зорилгодоо хүрч, амжилттай дуу болж чадсан гэсэн үг.

Ярилцлагыг:
Ikon.mn М.Батчимэг
Гэрэл зургийг:
MPA гэрэл зургийн агентлаг, Д.Эрдэнэцэцэг
2026.06.17
Бэлтгэлийн хэсгээс...
00:00 00:00