Трампын засаг захиргаа Ирантай байгуулах 14 зүйлт санамж бичгийн агуулгыг нийтэд ил болголоо

Т.Давааням, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн сүүлээр Иран улстай байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийн агуулгыг нийтэд ил болгожээ.

“АНУ болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд байгуулсан Исламабадын Харилцан Ойлголцлын Санамж Бичиг” гэсэн нэртэй уг баримт бичиг 14 зүйлээс бүрдсэн байна.

“Энэ бол Ормузын хоолойг нэн даруй нээх, Иранд цөмийн зэвсгээ устгах үүрэг хүлээлгэх, хэрвээ Ираны тал хандлагаа сайжруулбал бид тэднийг илүү хөгжин цэцэглэсэн улс болгохын тулд эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулах үндсэн агуулгатай гэрээ юм” гэж АНУ-ын албаны эх сурвалж тайлбарлажээ.

Ингээд уг санамж бичгийн 14 зүйлийг жагсааж байна.

  1. АНУ болон Иран улс нь Ливаныг оролцуулаад бүх фронт дээр одоогийн дайнаа бүрмөсөн зогсоож, бие биеийнхээ эсрэг ямар нэг дайн, цэргийн ажиллагаа явуулахгүй байх, хүч хэрэглэх, заналхийлэхээс татгалзана
  2. АНУ, Иран улс бие биеийнхээ газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биеийнхээ дотоод хэрэгт оролцохгүй
  3. АНУ, Иран улс 60 хоногийн дотор энхийн гэрээг эцэслэн байгуулах үүрэгтэй бөгөөд харилцан тохиролцсон тохиолдолд энэ хугацааг сунгаж болно
  4. Санамж бичгийг байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор Ираны эсрэг аливаа саад тотгор, тухайлбал тэнгисийн бүслэлтээ АНУ бүрэн зогсооно. Энэ хугацаанд Ормузын хоолойн ачаа тээврийн урсгал дайны өмнөх үеийн түвшинтэй пропорционал байна. Эцсийн гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор Ираны ойр орчмоос АНУ цэргийн хүчээ татна.
  5. Санамж бичгийг байгуулснаас хойш 60 хоногийн турш Ормузын хоолойгоор зорчих ачаа тээврийн урсгал үнэ төлбөргүй байна. 30 хоногийн дотор Иран улс хоолойг минанаас цэвэрлэх ажлыг эхлүүлнэ. Исламын Бүгд Найрамдах Иран Улс цаашдаа Оманы Султант Улс болон Персийн булангийн бусад улсуудтай Ормузын хоолойн ирээдүйн зохицуулалт, үйлчилгээний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ
  6. АНУ бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран Иран улсыг сэргээн босгох, эдийн засгийг хөгжүүлэхэд доод тал нь $300 тэрбумын хөрөнгө оруулах төлөвлөгөө боловсруулна. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх механизмыг 60 хоногийн дотор эцсийн гэрээний нэг хэсэг болгон батална. Холбогдох бүх лиценз, зөвшөөрлийг АНУ олгоно.
  7. АНУ нь эцсийн гэрээний нэг хэсэг болгох тохиролцооны дагуу Ираны эсрэг авсан бүх хориг арга хэмжээгээ цуцлах үүрэг хүлээнэ. Үүнд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоол, Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн захирлуудын зөвлөлийн тогтоол зэрэг АНУ-ын авсан бүх нэг талын, анхдагч болон хоёрдогч хориг арга хэмжээнүүд багтана.
  8. Иран улс цөмийн зэвсэгтэй болохгүйгээ батална. Баяжуулсан ураны нөөцийг устгах асуудлыг талууд харилцан тохиролцоно.
  9. Эцсийн гэрээ байгуулагдах хүртэл АНУ болон Иран улс одоогийн статус-квогоо хадгална. Иран улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх бол АНУ шинэ хориг арга хэмжээ авахгүй, бүс нутагт цэргийн нэмэлт хүч байрлуулахгүй.
  10. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа болон хориг арга хэмжээ цуцлагдах хүртэл АНУ-ын сангийн яам Ираны түүхий газрын тосны экспорттой холбоотой банкны гүйлгээ, даатгал, тээвэрлэлт гэх мэт холбогдох бүх үйлчилгээг чөлөөлнө.
  11. Ираны бүх битүүмжлэгдсэн хөрөнгийг чөлөөлөх үүргийг АНУ хүлээнэ. Хэлэлцээний үеэр уг хөрөнгийг гаргахтай холбоотой журмыг талууд харилцан тохиролцоно.
  12. АНУ болон Иран улс энэхүү санамж бичгийг амжилттай хэрэгжүүлэх, эцсийн гэрээг цаашид дагаж мөрдөхөд шаардлагатай гүйцэтгэх механизмыг бий болгоно.
  13. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа 1, 4, 5, 10, 11 дүгээр заалтууд нэн даруй хэрэгжиж эхлэх ба эцсийн гэрээний яриа хэлэлцээ зөвхөн бусад заалтуудын хүрээнд үргэлжилнэ.
  14. Эцсийн гэрээг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоор баталгаажуулна.

 

Эх сурвалж: CNN