Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ
Хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа оролцсон Кабо Верде улсын шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Испанийн хүчирхэг багтай 0:0 харьцаагаар тэнцсэн нь томоохон дуулиан болсон билээ.
Ингэснээр тус улсын шигшээ баг ДАШТ-ий анхны оноогоо авсан.
Энэ амжилтын гол баатар тус багийн 40 настай хаалгач Возиньа байсан юм.
Тэрбээр Даваа гарагт болсон тоглолтын дараа визийн бонд төлж чадаагүйн улмаас ээжийгээ АНУ-д авчирч, энэхүү түүхэн үйл явдлын гэрч болгож чадаагүйгээ харамсан ярьж байв.
Тэгвэл АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчилсан Намын бүлгийн дарга Хаким Жеффрис түүний ээжийг визийн бондоос чөлөөлж, Кабо Вердегийн дараагийн тоглолтоос өмнө Майамид ирүүлэх болсныг өчигдөр мэдэгджээ.
“Ямар ч ээж хүүгийнхээ бүтээж буй түүхийг харах боломжийг алдах ёсгүй” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
“Би төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой ярьж, Кабо Вердегийн дараагийн тоглолтыг үзэх боломжийг нь хангахад чадах бүхнээ хийхийг хүссэн. Возиньагийн ээж Ням гарагт Уругвайн багтай хийх тоглолтыг үзэхийн тулд визээ авах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Бодлогын хүрээнд түүнийг визийн бүх хураамжаас чөлөөлсөн. Ээж, хүү хоёр Майамид уулзах аяллын бэлтгэл хангагдсан” гэж тэр цааш нь мэдээлжээ.
АНУ-ын төрийн департамент сүүлд “Прайа дахь манай визийн баг түүнтэй холбогдож, шаардлагатай үйлчилгээг үзүүлж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Прайа нь Кабо Верде улсын нийслэл юм.
Энэ жилийн ДАШТ-д оролцож буй 48 улсаас тав нь АНУ-ын визийн бондын хөтөлбөрт багтсан байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудын иргэд АНУ-д зорчих эрхтэй болохын тулд $15,000 хүртэл бэлэн мөнгө барьцаанд тавьдаг болсон.
Испанийн довтлогчдын бүх бөмбөгийг хааж чадсанаар багтаа ДАШТ-ий анхны оноог авчирсан Возиньа дэлхий даяар алдаршиж, сошиал хуудсандаа хэдэн сая шинэ дагагчтай болжээ.
Улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд 91 удаа тоглосон тэрбээр Словак, Ангол, Молдов, Киприйн клубүүдэд тоглож байсан бөгөөд одоо Португалийн хоёрдугаар зэрэглэлийн Чавес клубт тоглодог.
Португалийн колони байсан Кабо Верде нь Африк тивийн баруун эргээс холгүй Атлантын далайд байрлах арван арлаас бүрддэг жижиг улс. Гэхдээ хагас сая гаруй хүн амтай тус улс ФИФА-гийн чансаагаар дэлхийн 200 орчим улсаас 64 дүгээрт эрэмбэлэгддэг.
Кабо Вердегийн шигшээ баг ДАШТ-ий H хэсэгт багтсан бөгөөд зургаадугаар сарын 21-нд Уругвай, 27-нд Саудын Арабын багтай тоглох юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

