Уншиж байна ...

Улаанбаатар, Ташкент хотноо хамтарсан худалдааны төв байгуулахаар боллоо

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг

-Бүгд Найрамдах Узбекистан Улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар зургаадугаар сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өчигдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар, БННУ-ын Засгийн газар хоорондын дараах хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав. 

Тодруулбал

  • Агаарын харилцааны тухай 
  • Олон улсын автотээврийн харилцааны тухай
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Энэ талаар тэрбээр "Хоёр орон визгүй зорчиж байгаа учраас зорьсон салбаруудынхаа хамтын ажиллагааг хөгжүүлэх бүх нөхцөл нь бүрдэж байгаа юм. Аж ахуйн нэгжүүдээ дэмжвэл бодитой хамтын ажиллагаа болно гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн. 

Ингэхдээ саад тээр болохгүйгээр хөрөнгө оруулалт, татварын орчныг нь бүрдүүлээд өгвөл манай хоёр орны хүсэж байгаа харилцааг аж ахуйн нэгжүүд маш хурдан хугацаанд хөгжүүлэх боломж байна гэж харсан. 

Энэ хүрээнд хоёр талдаа худалдааны төв байгуулахаар тохирсон Монголд байгуулагдах худалдааны төвд Узбекистаны хүнсний бүтээгдэхүүн, даавуу бүс бараа зэргийг авч эргээд ижил хэмжээний ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнийг Узбекистанд байнгын худалдаж байдаг төвийг байгуулах шийдвэр гаргалаа" гэв.
зураг
 

"Узбекистан улс эртний хотууддаа жилд 11 сая жуулчин авдаг"

Үргэлжлүүлэн тэрбээр аялал жуучлалын талаар "Узбекистан улс Хива зэрэг эртний хотууддаа жилд 11 сая жуулчин авдаг юм байна. Иймд Монголын жуулчдыг татах бодлогыг баримталж, визгүй шууд нислэгтэй болж байгаа нь харилцан аялал жуулчлалаа дэмжих, хүмүүс хоорондын харилцааг нэмэгдүүлэх асар том боломж гэж харж байгаа" гэв. 

Түүнчлэн Ташкент хотноо залуучуудын форумыг 2025 хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ нь ирээдүйд хоёр улсыг авч явах залуучууддаа хоёр орноо танилцуулж, илүү өргөн боломжуудыг санал болгох чиглэлээр хамтарч ажиллах аж.