ФОТО: Азиас анх удаа ДАШТ-д оролцож байгаа хоёр багийн нэг Йордан хожигдов
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн эхний тоглолтууд үргэлжилж байна.
Дөрвөн жилийн өмнөх дэлхийн аваргад цом өргөсөн Аргентин "J" хэсгийг толгойлж буй. Аваргууд Мессигийн гурван гоолын ачаар Алжирыг буулган авсан бол тус хэсэгт багтсан Австри, ДАШТ-д анх удаа оролцож байгаа Йорданы шигшээ багийн тоглолт Санта Клара дахь "Levi's" цэнгэлдэхэд боллоо.
Австричууд туршлага зааж нэгдүгээр үеийн 21 дэх минутад Романо Шмид гоолын салхийг хагалсан ч Йорданы Али Олван хоёрдугаар хагасын 50 дахь минутад эсрэг багийн хаалгыг мялааснаар улсынхаа түүхэнд ДАШТ-ий анхны гоолын эзэн боллоо.
Гэхдээ тоглолтын 77 дахь минутад Йорданы Язан Аль-Араб өөрийн хаалгандаа гоолдсон бол шүүгчийн мэдлийн 10 дахь минутад австричууд торгуулийн цохилтоор эцсийн цэгийг нь хатгалаа.
Сонирхуулахад энэ удаагийн ДАШТ-д анх удаа оролцож байгаа дөрвөн улс бий. Тухайлбал Курасао, Кабо Верде, Йордан болон Узбекистаны шигшээ баг анх удаа том тэмцээнд тоосоо өргөж байна.
Азийн бас нэгэн төлөөлөл Узбекистан маргааш 10:00 цагаас Колумбын шигшээ багтай хүч үзнэ.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
